Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар цэцэрлэг, сургуулийн хүнс хангамжийн чиглэлийн үйлдвэр байгуулахыг дэмжив.
Тухайлбал, Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүнс хангамжийн чиглэлээр Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт дөрвөн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал:
- “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ нь Баянзүрх, Хан-Уул дүүргийн 82 цэцэрлэг, 14 сургуулийн,
- “Багачууд хүнс” ОНӨААТҮГ нь Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 71 цэцэрлэг, найман сургуулийн хүнс хангамжийг хариуцдаг.
Автомашины түгжрэл болон түгээлтийн автомашины хүрэлцээ, мөн сургууль, цэцэрлэг нэмэгдсэнтэй холбоотойгоор Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах хэрэгцээ, шаардлага бий болсон байна. Үүнтэй холбоотойгоор “Хан-Уул хүнс хангамж”, “Чингэлтэй хүнс хангамж” ОНӨААТҮГ байгуулах тухай асуудлыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга М.Баяраа танилцууллаа. Эхний удаад санхүүгийн дэмжлэг хэрэгтэй бөгөөд цаашид сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд төсвөөс хараат бус, бие даан үйл ажиллагаа явуулах боломжтой аж.
Зөвлөлийн гишүүд нэрийг өөрчлөх, зөвхөн нэг дүүргээр хязгаарлахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх саналыг гаргаж байв.
Энэ үеэр Хотын дарга хүүхдүүдийн эрүүл мэнд, хоол хүнстэй холбоотой орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулахаас аргагүй. Харин ашиггүй, шаардлагагүй өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгаж, нэгтгэхийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнд үүрэг болголоо.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан, баталгаатай, чанартай хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах ОНӨААТҮГ-ыг байгуулахыг үүрэг болгов.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар