Катодын зэс болон хаягдал зэсийг боловсруулж, жилд 3.0 мянган тонн нунтаг металл үйлдвэрлэх хүчин чадал бүхий экспортод чиглэсэн, дэвшилтэт техник, технологид суурилсан цоо шинэ үйлдвэрийг “Талын Метал Нунтаг” ХХК ашиглалтад орууллаа. Тус үйлдвэр нь нунтаг зэс, гууль, хүрэл, цагаан тугалга, бусад төмөрлөг зэргийг үйлдвэрлэж, Европын Холбоо, БНХАУ, Япон, БНСУ, БНЭУ зэрэг металл нунтгийн өндөр эрэлт хэрэгцээ бүхий үйлдвэрлэгч орнууд руу экспортлох юм. Үйлдвэрийн нээлтэд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон тэргүүтэй төлөөлөгчид оролцож, үйл ажиллагаатай танилцлаа. Сайд Г.Ёндон нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Инновацид суурилсан, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий энэхүү үйлдвэр ашиглалтанд орсоноор сүүлийн жилүүдэд дэлхийн металл боловсруулах салбарт шинээр нэвтэрч буй эрчим хүч, металлын хэмнэлт бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх нунтаг металлын технологи Монгол улсад нутагших юм.
Мөн дотоодын металл боловсруулалтын түвшинг ахиулах, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сүлжээ бий болох суурь тавигдаж байна. Цаашлаад тус металл нунтгаар эцсийн бүтээгдэхүүн болох цахилгаан тоног төхөөрөмж, автомашин, компьютер, гар утасны эд анги зэрэг ,өндөр технологийн бүтээгдэхүүнийг нунтаг металлургийн болон 3D хэвлэлийн аргаар үйлдвэрлэх боломжуудыг бүрдүүлж, илүү өндөр үр ашгийг байгалийн баялгаас хүртэх, боловсруулах үйлдвэрийн шинэ салбарын эхлэл болж байна.
Байгаль орчинд сөрөг нөлөө багатай тэргүүний дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх замаар эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулан, импортыг орлох, экспортын чиг хандлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар улс орны эдийн засгийг өсөлтийг хангахад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс онцгой анхааран ажиллаж байна.” хэмээсэн юм.
Эх сурвалж: УУХҮЯ