Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутаг, Шижирийн аманд өчигдөр очлоо. Иргэн Б.Серкболын 14 үхэр, гурван тугал шүлхийгээр өвчилсөн тул тэнд амьдардаг гурван өрхийн долоон хүн хөл хорионд ороод байна. Нийслэл, дүүргийн удирдлагууд уржигдар өглөө тухайн орчимд хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, үүний дагуу онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын байцаагчид хяналтын таван цэг байгуулан, ариутгал хийж эхэлжээ.
Цэгүүдэд ажиллаж буй алба хаагчид ариутгал хийхээс гадна бусад өрхийн малыг голомтын бүс рүү оруулахгүйн тулд амыг бүхэлд нь хянаж байгаа гэнэ.
Тэнд амьдардаг иргэдийн хэлж буйгаар Б.Серкболын үхрүүдэд өнгөрсөн 20-нд шүлхий өвчний шинж илэрчээ. Нийслэлийн Мал эмнэлэг, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газрынхан 21-нд очиж, шинжилгээний сорьц авсан аж. Харин дараа өдөр нь Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс хяналтын түр цэг байгуулсан гэнэ.
Ингээд шүлхий өвчин болох нь тогтоогдсон тул өвчилсөн малыг 24-25-нд шилжих шөнө устгасан байна. Тухайн голомтын бүсэд 14 өрхийн 138 бод, 210 бог бий гэсэн мэдээллийг нийслэлийн Онцгой байдлын газрынхан өгөв. Харин тэнд амьдарч буй иргэд 500 гаруй мал бий гэж хэлсэн юм. Хяналтын цэгт ажиллаж буй хүмүүст цаашид авах арга хэмжээний талаар удирдамж өгөөгүй байгаа гэнэ. Тухайн бүсийн ойролцоох бүсийн айлуудын малд шинжилгээ хийх, эсэх нь ч тодорхойгүй байгаа аж.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Мядаг “Өчигдөр (уржигдар) орой манай нэг бяруу бэлчээрээс нүд нь нээгдэхгүй, амнаас нь шүлс гоожсоор ирсэн. Мал эмнэлгийн газрынхантай холбогдох гэсэн боловч чадахгүй байгаа. Аргаа бараад дүүргийн ЗДТГ руу явж байна” хэмээн ярив. Харин тус дүүргийн Засаг даргын орлогч О.Ганбаатар “Тухайн орчмын иргэд малдаа вакцин хийлгэсэн учир халдвар авахгүй гэж таамаглаж байгаа. Өнөөдөр нэмж (өчигдөр) найман үхрээс шинжилгээ авлаа” гэв.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Өнгөрсөн зургадугаар сарын 20-ноос Улаанбаатар хотын бүс дэх малыг вакцинжуулсан. Тухайн үед Хан-Уул дүүргийн иргэн Б.Серкболынх Төв аймаг руу нүүгээд, вакцин хийж дууссаны дараа Шижирийн аманд ирж суурьшсан юм билээ. Мал, амьтны гоц халдварт өвчин туссан учир эдний үхрийг устгасан. Хариуцлага алдсан өрхөд хотын захиргаа нөхөн олговор өгөхгүй. Мөн халдварт өвчин дэгдээд буй, Төв аймгаас мал тууж ирсэн иргэн Баянжаргалд хариуцлага ногдуулахаар болсон” гэв.
Мөн Нүхт, Зайсан болон зуслангийн бүс дэх малтай өрхүүдийг нийслэлээс гаргахаар болж буйг дуулгалаа. Уг ажлыг хотын ерөнхий менежер Т.Гантөмөр хариуцаж буй бөгөөд айлуудыг Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хороо болон Багануур, Багахангай руу нүүлгэхээр төлөвлөж буй аж.