Шанхай хотод COVID-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас нэвтрүүлсэн хөл хорионы хоёр дахь том үе шат эхэлсэн гэж Associated Press Баасан гаригт мэдээлэв.
Хуанпу голын баруун талд орших Шанхай хотын район дөрвөн өдрийн турш хатуу хорио цээрийн дэглэмд байна. Үүний зэрэгцээ Даваа гаригаас хойш тусгаарлагдсан голын зүүн хэсгийн оршин суугчдаас коронавирусын халдварын тохиолдол илэрсэн нь хотын хөл хорионы хязгаарлалтыг сунгах магадлалтай болгов.
Хөл хорионд оросон хотын 16 сая орчим оршин суугчдийг бүгдийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байгаа аж.
Гэвч хотын хөл хорио нь дэлхийн зах зээлийг цочирдуулж, эдийн засгийн үр дагаварт хүргэх вий гэсэн болгоомжлол бас байгаа юм байна. Пүрэв гаригт гаргасан судалгаагаар Хятадын аж үйлдвэрийн үйл ажиллагаа гуравдугаар сард сүүлийн таван сарын хамгийн доод түвшинд хүрч буурсан байна.
Пүрэв гаригт Шанхай хотод коронавирусын халдварын шинж тэмдэггүй 4100 тохиолдол, өвчний шинж тэмдэг илэрсэн 358 тохиолдол илэрчээ. Хятадад коронавирусын халдварын шинж тэмдэг илрээгүй тохиолдолд өвчний батлагдсан тохиолдол гэж тооцогддоггүй байна.
Хятад улс нь COVID-19-ийн эсрэг хатуу хөл хорионы бодлогыг баримталдаг цөөхөн орны нэг хэвээр байна. Тодруулбал, халдвар авсан иргэдтэй харьцсан хүмүүсийг хөл хорионд оруулах, заавал хорио цээрийн дэглэм тогтоох замаар вирусын тархалтыг хязгаарлаж байгаа юм.
Энэ бодлого нь 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны хооронд Бээжинд болсон Өвлийн Олимпийн наадмын бэлтгэл ажлын нэг хэсэг байсан ч эрх баригчид наадам дууссаны дараа үргэлжлүүлэхээр шийджээ. Хятадад тахлын нийт хугацаанд коронавирусын халдварын 151 мянга орчим тохиолдол илэрч, өвчний улмаас 4.6 мянга орчим хүн нас барсан байна.