ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин найрсаг бус улс орнуудтай хийх байгалийн хийн худалдааны төлбөрийг рублээр хийх шинэ журмын тухай зарлигт гарын үсэг зурснаа зарлажээ.
Нөхөрсөг биш орнуудын гэрээлэгч нарт тодорхой, ил тод схемийг санал болгож байна. Оросын байгалийн хийг худалдаж авахын тулд тэд Оросын банкуудад рублийн данс нээлгэх ёстой. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн нийлүүлж буй хийн төлбөрийг рүблийн дансаар авна гэж Оросын Төрийн тэргүүн нисэхийн салбарын асуудлыг хэлэлцсэн уулзалт дээр мэдэгджээ.
Мөн Ерөнхийлөгч В.Путин Москвагийн дүрмээс татгалзвал гэрээг зогсооно хэмээн нэмж хэлсэн бөгөөд барууны орнууд ОХУ-ын гадаад дахь хөрөнгийг битүүмжилсэн явдал нь санхүүгийн системээ зэвсэг болгон ашиглаж байгааг харуулсан хэрэг гэжээ.
Хориг арга хэмжээ авсан орнуудад ОХУ-аас нийлүүлэх хийн төлбөрийг рубльд шилжүүлж, рүблээр авна хэмээн Владимир Путин гуравдугаар сарын 23-нд мэдэгдсэн. Гэхдээ гэрээний хэмжээ болон үнийн хувьд өөрчлөгдөхгүй хэмээн юм.
Украиныг цэрэггүй болгох ажиллагаа эхлүүлсний дараа барууны орнууд ОХУ-ын 300 орчим тэрбум ам.долларын алт, валютын нөөцийг царцаах шийдвэр гаргасан бөгөөд хариуд нь Москва их хэмжээний хязгаарлалтад ийм байр сууриар хандаж эхэлсэн юм.
“Их 7”-гийн орнууд энэ санаачилгад хамгийн түрүүнд хариу үйлдэл үзүүлсэн. Тэд хийн төлбөрийг рубль болгон шилжүүлнэ гэсэн нь гэрээлэгч талуудын нэгнийх нь эрх ашгийг хөндсөн хэрэг хэмээн мэдэгдсэн.
Мөн Европын холбооны гүйцэтгэх дээд байгууллага-Европын комисс Оросын цэнхэр түлшний нийлүүлэлтийн төлбөрийг рублиэр төлөх боломжийг үгүйсгэсэн бол үүнтэй ижил байр суурийг Австри, Герман, Грек, Болгар, Франц болон Европын холбооны бусад орнуудад тус тусдаа мэдэгдээд байна.
Тэдний байр суурьт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “ОХУ бол буяны байгууллага биш. Рублийн төлбөр байхгүй бол хий байхгүй” гэсэн хариултыг өгөөд байгаа билээ.