Хөгжлийн банкны чанаргүй зээлийг хэлэлцсэн, нээлттэй сонсгол Төрийн ордонд болж, өндөрлөлөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа дараах асуултыг ажлын хэсгийг ахалсан Б.Баттөмөрт тавьсан юм.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Адгийн зарга арав хоног гэдэг шиг Хөгжлийн банкны хэрүүл арван жил үргэлжилнэ. Хэдэн хүмүүс шоронд хийгээд хоёр жилийн дараа гарна. Гэтэл бид Хөгжлийн банкны зээлийг бид гадаадад төлдгөөрөө төлнө шүү дээ. Эргэн төлөлтийг Хөгжлийн банк хийж чадахгүй гэвэл улсын төсвөөс хийх юм уу.
Цаашид яах вэ. Энэ олон компанийг чанаргүй гээд оруулчихсан байна. Ядаж “Ковид 19” хүртэл зээлээ төлөөд явж байсан компаниудтай дахин эргэн төлөлтийн хуваарь баталж болохгүй юу. Цар тахал тархсанд БНХАУ хилээ хаасанд, Украин дахь нөхцөл байдал үүссэнд ААН, иргэдийн буруу байхгүй шүү дээ. Дансыг нь хаалаа, бизнесийг нь зогсоолоо. Ингэхээр эргэн төлөлт хийгдэх үү. Хийгдэхгүй бол энэ их мөнгийг яаж төлөх юм. Цементийн үйлдвэрийг барьцаа гээд авлаа гэхэд та нар өөрсдөө цементийн үйлдвэрээ ажиллуулах юм уу. Бүгдийг нь хурааж аваад яах юм.