Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2010 онд шинэчлэн байгуулсан эрүүл мэндийн салбарын “Хамтын хэлэлцээр”-т “Алтан чагнуур” хүндэтгэлийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар тусгаж, 2011 онд анхны “Алтан чагнуур” ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг Соёлын төв өргөөнд зохион байгуулж байжээ.Түүнээс хойш Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо идэвхи, санаачлагатайгаар энэхүү үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж буй, мэргэжлийн салбартаа болон олон нийтэд нэгэнт хүлээн зөвшөөрөгдөж чадсан олон чадварлаг эмчид урам өгч, олон нийтэд сурталчлан таниулсныг Эрүүл мэндийн яамны зүгээс тухай бүр дэмжиж ирсэн.
Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргаж бусдадаа үлгэр дууриал үзүүлсэн “ШИЛДЭГ ЭМЧ” шалгаруулах “Алтан чагнуур” ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож үг хэллээ. Тэрбээр “ Коронавируст халдвар (КОВИД-19)-ын улмаас олон нийтийн эрүүл мэндэд ноцтой, аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулж Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 2 дугаар сараас эхлэн улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал, бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнээс хойш өнөөг хүртэлх 2 жил гаруйн хугацаанд манай улсын 56 мянган эрүүл мэндийн ажилтан, албан хаагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй бэлэн байдлыг хангах, шаардлагатай бүхий л арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх нэн хариуцлагатай үүрэг хүлээж, өндөр ачаалал үүрч ажиллалаа.
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын энэхүү нөхцөл байдлаас хамаарч 2020, 2021 онд “Алтан чагнуур” ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг албан ёсоор цуцалж, 2 жил завсарласны эцэст 2022 онд 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.Монгол Улсаа хөгжүүлэх, Монгол хүн бүр эрүүл байх, дэлхийн анагаах ухааны хөгжлийг Монголд хөл нийлүүлэн нутагшуулах, залуу эмч, бусад ажилтандаа үлгэр дууриал үзүүлэх, нийгмийн амьдралд идэвхитэй иргэн байх өндөр үүрэг эмч нарт ногддог. Энэхүү үүрэг хариуцлагаа манай үе үеийн эмч нар нэр төртэй биелүүлж ирсэн, цаашид ч улс орноо хөгжүүлэхэд тэргүүлэн манлайлах нь гарцаагүй үнэн билээ. “ЭМЧ” – улс орныхоо хөгжлийг тэргүүлэн манлайлагч, нийгмийн амьдралд идэвхтэй иргэн гэдгийг коронавируст халдвар (КОВИД-19)-ын улмаас үүссэн гэнэтийн, ноцтой олон улсын онцгой байдлын үед бэлхэнээ гэрчлэн харуулж, 2021-2022 оны цар тахлын 4 хүнд давалгааны үед нэн хариуцлагатай нэр төртэй ажилласан, одоо ч ажиллаж байгаа Та бүхнээрээ бахархаж, талархаж байна. Энэ бүх хугацаанд та бүхний өмөг түшиг, бат бөх тулгуур байж, хамтдаа зүтгэсэн гэр бүлийнхэнд тань талархал дэвшүүлье.
Коронавируст халдвар (КОВИД-19)-аас хамаарч улс орны эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа хэдий ч Засгийн газраас салбарын төсвийг нэмэгдүүлэх, салбарын санхүүжилтийн шинэчлэлтэй уялдуулан эрүүл мэндийн ажилтны ажлын бүтээмж, гүйцэтгэлээр олгох цалин, урамшууллын тогтолцоо бүрдүүлэх, эмнэлгийн удирдлага цалин, урамшууллын асуудлыг бие даан шийдвэрлэдэг болгох, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог олон улсын жишигт хүргэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байгаа гэдгийг онцлон дурдая. Засгийн газраас дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн ажилтан нэг бүрийн оролцоо, сэтгэл зүтгэл, чармайлт, удирдан манлайлагчдын ёс зүй, хариуцлага, мэргэжлийн өндөр ур чадвар, Та бүхний хамтын ажиллагаа чухал. “Алтан чагнуур-2022” шагналд нэр дэвшиж шалгарсан эмч нартаа дахин баяр хүргэж, энэхүү шагналын нэр хүндийг өндөрт өргөж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсье. Эмч та бүхний ирээдүй тань гэрэлтэй, ажил амьдрал тань өлзийтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээв.
“Алтан чагнуур 2022”-ын эздийг нарийн мэргэжлийн 16 төрөлд Шилдэг эмчийг тодруулж нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нар нэр дэвшиж 16 эмч Алтан чагнуурын эзнээр тодорлоо. Жил бүрийн 3 дугаар сарын 30-ны өдөр тохиодог Дэлхийн эмч нарын өдрийг Монгол улсад эмчдээ талархах “Талархлын өдөр” болгон 10 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна.