Хөгжлийн Банкны асуудлаарх нээлттэй сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Нээлттэй сонсголын үеэр “Бэрэн” компанитай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг тодруулав.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: “Бэрэн” компанийн барьсан “Алтай” хотхоны барьцаанд байгаа байрнаас 100 гаруй айл орон сууц авсан. Тэр айлуудын ордер гарах уу. “Бэрэн” компани мэдсээр байж шүүхийн барьцаанд байгаа байрыг иргэдэд худалдсан байна. Энэ тал дээр ямар бодлого баримталж байна вэ?
Хөгжлийн Банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар: “Бэрэн” компанийн тухайд нийт зургаан блок байшин байгаа. Үүнээс хоёр блок нь банкны барьцаанд байгаа хэр нь зарагдсан. Энэ нь иргэд хохирох эрсдэл бий болгож байна. Иргэд төлбөрөө 100 хувь төлсөн ч орон сууцны гэрчилгээ нь гарахгүй. Энэ нь “Бэрэн” компанийн үйл ажиллагаанаас шууд хамаарч байгаа.
Борлуулалт нь эхлээгүй хоёр блок байгаа. Энэ борлуулалт дээр дээр бид хамтраад иргэд банкны зээлээр худалдан авсан тохиолдолд гэрчилгээг нь гаргаж өгөөд цаад банканд нь барьцаалж орон сууцны зээл эргэн төлүүлэх байдлаар явна.
Гэхдээ “Бэрэн” групп нь өөрөө ахиад арматурын зээлтэй. Энэ зээлийн эргэн төлөлт мөн хүндэрсэн байгаа. Нэг хуулийн этгээд учраас тухайн орон сууцны борлуулалт, барьцаа хөрөнгө чөлөөлөх эсэх асуудал нь тухайн компанийн бусад зээлээс хамаарч байгаа.
Тийм учраас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдэд барьцаанд байгаа шүү гэдгийг анхааруулж байгаа.