Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Төр нь үр ашгаа бодохгүй бол бид хөгжихгүй. Тэр сэтгэлгээг бий болгохгүй бол өөрийнхөө хувийн юм дээр бодоод улсын юм дээр бодохгүй байгаад байвал Монгол улс хөгжихгүй. Тэгэхээр хүмүүс хандлагаа өөрчлөхгүй, үр дүнг бодож, хамтын ажиллагаа гэж сэтгэхгүй бол энэ төслөөр их хэмжээний төсвийн хөрөнгийг энд, тэнд аваачиж булаад байж болохгүй.
Нийт 70 гаруй суманд хэрэгжүүлсэн төслүүдийн 90 орчим хувь нь үр ашиггүй болж дампуурсан жишээ олон байна. Бидний хувьд энэ хэрэгжүүлэх гэж байгаа төслөө дампууруулахгүйн тулд эхнээс нь бүгдээрээ ойлголцоод үр ашигтай байлгах үүднээс өнөөдрийн хэлэлцүүлгийг хийж байна.
Та бүгдийн оролцоо хамгаас чухал шүү. Нийтийн аж ахуйн байгууллагууд та бүхний гарт газрын доорх инженерийн дэд бүтцийн ертөнц байна. Та нараас л сумынхан чинь зөвлөгөө авна. Харин хийж өг гэдэг сэтгэлгээтэй сумын дарга нар өөрчлөгдөх хэрэгтэй. Хийгээд өгөхөөр ашиглалтыг нь аваад явж чадахгүй дампууруулчихдаг. Тиймээс сумын удирдлагууд “би яаж хийхэв, бид яаж хийхэв” гэж хандлагаа өөрчлөхгүй бол хичнээн их юм хийсэн ч тэр байгуулсан газрын доорх ертөнц булагдаад, хэн ч ойлгохгүй өнгөрдөг. Сумын дарга, орлогч, тамгын газрын дарга нар сэтгэлтэй, сэтгэж, иргэдтэйгээ хамтарч чадаж байвал хамгийн мундаг. Тэгэхээр хамгийн гол нь сум орон нутагт ажил явуулахад хандлагын өөрчлөлт чухал.
Удирдлагуудаасаа эхлээд иргэдээ нэг болгох хэрэгтэй. Тэгж байж сумандаа усан хангамжтай, цэвэрлэх байгууламжтай, дулааны шийдэлтэй, энэ бүгд нь эргээд газрын дээр гарч ирэхээрээ тохижилттой гоё болно. Сумын дарга нар амархан юм шиг ярьдаг. Хэрвээ мундаг дарга байвал 10 иргэнтэйгээ нийлээд хашааг нь нэгэн жигд гоё болгочоорой. Иргэдтэй ажиллана гэдэг асар хэцүү. Хэрвээ тэгж чадаж байвал бид тийм сумын дарга нарыг шууд дэмжих ёстой. Иргэдтэйгээ ажиллаж чадаагүй даргад хичнээн мөнгө өгөөд үр дүн байхгүй. Тиймээс аймаг сумын дарга нарыг чадавхижуулж ойлгуулах ажлуудыг хийх ёстой. Энэ чинь дэд бүтцийн төсөл гэж байгаа ч хүнтэйгээ ажиллах төсөл.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бид эхнээс нь сумдуудад хэрэгжүүлж байна. Гол нь ингээд алдаа оноогоо дүгнээд, сайн явж байгаа сумдуудын жишээг бусад нь очиж үзэх нь зүйтэй. Ер нь ирэх 10 жилд 4 хот барина. Хөшигийн хөндий, Ханбогд, Цогтцэций, Даланзадгад, Сайншанд, Гурвантэс, Дархан. Яагаад гэвэл 20 жилийн дараа Монгол Улсын хүн ам 2 саяар нэмэгдэнэ. 5,5 сая болно. Тэр 5 сая хүн ам чинь төвлөрөл бий болгосон газар л цуглана. Өөр хотууд босоход хэцүү. Таталцал бий болно. Тиймээс энэ хотуудыг барьж, ажлын байраа дагаж, аймгийн төвүүдээ хөгжүүлж, бүсчилсэн хөгжлийн дагуу төсөвт тавигдсан сумын дэд бүтцүүдийг хийх нь бидний ажил.
Одоо бид хийхгүй бол бидний хүүхэд ийм л орчинд л амьдарна. Иймээс багийн ойлголцол, багийн сэтгэлгээ, ажлын үр дүн гэж ойлгож байгаа. Энэ дээр сайн ярилцаарай, сайн ойлгоорой, онлайнаар оролцож байгаа дарга нар сайн холбогдоорой. Тэгээд хамгийн харамсалтай нь ЗГ байнга солигдоод байдаг, шинэ хүн гараад ирдэг, ойлгоход хэцүү байдаг, гол нь мэргэжлийн хүмүүс та нар л ойлгох нь хамгийн чухал. За ингээд өнөөдрийн чуулга уулзалтад амжилт хүсье баярлалаа.