Эдийн засгийн байнгын хорооноос Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.
Хөгжлийн банкийг шалгах Ажлын хэсгийн шалгалт үргэлжилж байх явцад Хөгжлийн банканд 28 компани 99 тэрбумын зээлийг эргүүлэн төлжээ. Шалгалтын явцад нийтдээ уржигдарын байдлаар (2022.03.27) 166 тэрбум төгрөг эргэн төлөгджээ. Нийт зээл авсан компанийн 66 нь чанаргүй зээлийн ангилалд багтаж байсан бол өнөөдөр 44 компани болж буурчээ.
Эргэн төлөлтийг нарийвчлан задалбал, 2022 оны 1 дүгээр сарын 20-оос 3 дугаар сарын 29-ний хооронд нийт 136.159.356.235 /нэг зуун гучин зургаан тэрбум нэг зуун тавин есөн сая гурван зуун тавин зургаан мянга хоёр зуун гучин тав/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна. Энэ нь 2022.03.29-ний өдрийн байдлаар төлөгдсөн хэмжээ юм.