Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д хилийн боомтуудыг автозамаар холбохоор тусгасан. Ингэж хатуу дэд бүтцээр холбохын зэрэгцээ цахимжуулалт, автоматжуулалт, хүний нөөцийг сайжруулах зэргээр зохион байгуулалтын хүрээнд зөөлөн дэд бүтцээр мөн ханган ажиллах нь. Энэ талаар Сангийн сайд, Хилийн боомтын Үндэсний зөвлөлийн дарга Б.Жавхлан өнөөдөр болж буй “Боомтын сэргэлт” хэлэлцүүлэгт тавьсан илтгэлдээ онцоллоо.
Гашуунсухайт боомтод 300 мянган тонн нүүрсний багтаамжтай чингэлэг тээврийн терминалыг дотоодын 3 компани хамтран хөрөнгө оруулж, 45 хоногт барьж дуусгажээ. Шивээхүрэн боомтод мөн чингэлэг тээврийн терминал барих ажил 80 хувьтай байна.
“АХБ-тай хамтран Алтанбулаг, Бичигт, Боршоо зэрэг 4 боомтын төсөлд хамтран ажиллаж байна. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Замын-Үүд зэрэг хоёр боомтыг хөгжүүлж, цаашид Цагаан-Уулын боомтыг хөгжүүлэх хэлцэлд хүрсэн. БНХАУ нүүрснээс татгалзахдаа атомын цахилгаан станц барих уу, сэргээгдэх эрчим хүч рүү төвлөрөх үү гэдэг эцсийн шийдээ хараахан гаргаагүй байна. Иймд бид нүүрсний экспортоо өсгөх арга замыг эрэлхийлэн, шуурхайлах шаардлагатай. Ерөнхий сайд БНХАУ-д өвлийн олимпын үеэр айлчлахдаа Бичигт, Ханги зэрэг 3 боомтын хилийн боомтын солбилцлын цэгийг тохирсон нь 12 жилийн турш гацсан асуудал байв” гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан илтгэлдээ тодотголоо.