Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны гурван сарын байдлаар 331 барилга угсралтын ажил явагдаж байна. Тэдний ихэнх нь барилгын ажлаа 2021 онд эхэлжээ. Нийслэлийн хэмжээнд барилга угсралт, бүтээн байгуулалтын ажил ирэх сарын 01-нээс албан ёсоор эхэлнэ. Уг асуудалтай холбоотойгоор НМХГ шалгалтын ажиллагаа эхлүүлсэн бөгөөд хяналт шалгалтын хүрээнд 28 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зөрчил илэрчээ.
Тэдний дунд барилга угсралтын ажлын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан тохиолдол ч илэрсэн байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх төвийн бүсэд зургаагаас дээш давхар барилга нэмж барихыг хориглосон. Энэ талаар нийслэлийн Засаг даргаас бүх харьяа байгууллагууддаа, тэр дундаа МХЕГ болон Хотын стандарт орчны аюулгүй байдлын газарт үүрэг чиглэл өгсөн. Энэ хүрээнд бид дээрх асуудал дээр хяналт шалгалттай уялдуулж ажиллаж байгаа юм байна.
Улаанбаатар хот нийт 470 мянган га газар нутагтай. Үүнээс 27 мянга гаруй га талбай нь барилгажсан байдаг. Мөн хоттой ойрхон Хустай, Эмээлт, Гүнжийн ам зэрэг газар хөдлөлтийн идэвхтэй хагарлууд байрладаг. НМХГ 2006-2021 оны байдлаар нийслэлийн хэмжээнд орон сууц, олон нийтийн зориулалттай 5422 барилгад шалгалт хийжээ.
Шалгалтын хүрээнд газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ төлөвлөгдөөгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй, цаашид дахин шинэчлэх шаардлагатай 340 барилга байгааг тогтоосон. Үүн дотор 1970 оноос өмнө ашиглалтад орсон, цаашид газар хөдлөлтөд тэсвэргүй болон ашиглалтын шаардлага хангахгүй 208 орон сууц байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн 41, цэцэрлэгийн 30, таван эмнэлэг, 13 их сургуулийн байр ашиглалтын шаардлага хангахгүй болсон байна гэж НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга Өглөөний сонины өнөөдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.