Хойд Солонгосын Пунгери цөмийн туршилтын талбай дахь дөрвөн хонгилын нэгийг засах ажил үргэлжилж байгаа нь цөмийн туршилтын дэлбэрэлт хийхэд бэлтгэж байгааг харуулж байна гэж Өмнөд Солонгосын арми болон тагнуулын албаныхан Ням гаригт Ёнхап агентлаг мэдээллээ.
Пунгери дээр гуравдугаар хонгилын хажуугийн гарцыг засварлаж байгаа бөгөөд тус агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалж объектыг нэг сарын дотор сэргээх боломжтой гэжээ.
Хойд Солонгост цөмийн туршилт хийж болзошгүй гэсэн айдас улам ихэссэнийг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны биечлэн удирдсан тив алгасах баллистик пуужин хөөргөсөнтэй холбон Ёнхап агентлаг тайлбарласан бол шинжээчид Умардын тал баллистик пуужингийн цэнэгт хошуунд суурилуулж болох жижиг тактикийн цөмийн төхөөрөмжийг туршиж магадгүй хэмээн үзэж байгаа аж.
Тус талбай 2018 онд албан ёсоор хаагдсан бөгөөд дөрвөн хонгилыг нураах ажлыг гадаадаас уригдсан цөөн тооны сэтгүүлчдийн оролцоотойгоор хийгдэж байсан юм. Зарим ажиглагчид Хойдууд цөмийн туршилт хийж байсан 1, 2-р хонгилыг нэн даруй сэргээхэд хэцүү, харин 3, 4-р хонгилыг сэргээн засварласны дараа ашиглах боломжтой гэсэн байна.
Пхеньян өмнө нь цөмийн болон алсын тусгалын пуужингийн туршилтад тавьсан хоригоо цуцлах бодолтой байгаагаа анхааруулж байсан.
Энэ он гарснаас хойш БНАСАУ баллистик пуужингийн туршилтаа эрчимжүүлсэн бөгөөд Хойд Солонгос зөвхөн нэгдүгээр сард долоон удаа пуужингийн туршилт хийж, хэт авианы пуужин болон дунд тусгалын баллистик пуужин харвасан юм.
2022 онд Хойд Солонгос нийтдээ 11 пуужин харваад байна.
Эх сурвалж: INTERFAX