Хар тэнгисийн усан тээвэрт шинэ аюул заналхийлж эхэлжээ. Украин саяхан боомтуудаа далайн минаар хамгаалах гэж оролдсон ч ихэнх нь зангуугаа хугалж, далайд урсаж байна. Үүнтэй холбоотойгоор далайн хэд хэдэн хэсэгт нэгэн зэрэгт аюулын дохио зарлаад байна. Аз болоход, ийм аюул заналхийллийг даван туулах арга хэрэгсэл байдаг бөгөөд тэдгээрийг ойрын ирээдүйд ашиглах тухай яригдаж эхэлжээ.
Хар тэнгист тулгарсан шинэ аюулын тухай мэдээллийг Хар тэнгисийн флот болон Холбооны аюулгүй байдлын алба гуравдугаар сарын 18, 19-нд илчилжээ. Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлсний дараахан Украины Тэнгисийн цэргийн хүчин Одесса, Очаков, Чорноморск, Южный боомтуудад мина суулгах ажиллагаа явуулсан бөгөөд ойролцоогоор 420 мина суулгасан талаар тэд мэдээлсэн байна.
Эдгээрийн тусламжтайгаар боомтуудыг Оросын хөлөг онгоцноос хамгаалах ёстой байсан ч цаг агаарын нөхцөл байдал муудаж, шуурганы улмаас мина зангуунаасаа салж Хар тэнгисийн баруун хэсэгт хөвж эхэлжээ. Үүний үр дүнд эрэг орчмын орнууд, дамжин өнгөрч болзошгүй газруудад хандан сэрэмжлүүлэг гаргаад байна.
ФСБ-ын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар далайн урсгал тэсрэх бөмбөгүүдийг Хар тэнгисийн баруун өмнөд хэсэг рүү зөөж магадлалтай. Босфорын хоолой, Газар дундын тэнгис рүү ч орохыг үгүйсгэхгүй гэжээ. Энэхүү үнэлгээ, прогноз гадаадын улс орнуудын анхаарлыг татаж, арга хэмжээ авахаар төлөвлөж байна.
Гуравдугаар сарын 25-нд ОХУ-ын Жанжин штабаас нөхцөл байдлын талаар шинэ мэдээлэл гаргасан бөгөөд мина далайд тэсрэх үеийн явц арав орчим минутын турш үргэлжилдэг гэжээ.
Гуравдугаар сарын 26-нд Туркийн хэвлэлүүд Босфорын хоолойгоос аюултай объект илрүүлсэн тухай мэдээлжээ. Усны гадаргуу дээр цухуйсан өвөрмөц эвэр бүхий бөмбөрцөг хэлбэртэй объект харагдсан бөгөөд Тэнгисийн цэргийн хүчин цаг тухайд нь хариу арга хэмжээ авч, энэ олдворыг саармагжуулжээ. Үүнтэй холбогдуулан Турк улс Босфорын хоолойн гарах гарцыг түр хаажээ.
Украины Тэнгисийн цэргийн хүчин далайг харьцангуй хуучин төрлийн дөрвөн төрлийн минаар зэвсэглэжээ. ФСБ-ын мэдээлснээр, эдгээр тэсрэх бодисын заримыг 20-р зууны эхний хагаст үйлдвэрлэсэн Зөвлөлтийн бүтээгдэхүүн юм байна. Босфорын хоолой бол дэлхийн усан замын тээврийн гол зангилаа бөгөөд хоолойн түр зогсолт дэлхийн бараа таваарын эргэлтэд шууд нөлөө үзүүлэх юм.
Украины Зэвсэгт хүчний тавьсан мина дөрөв хоногийн дараа Румын улсын эрэг, цааш Болгарын эрэгт хүрэх төлөвтэй байна. Эдгээр мина тархаснаас болж далайн эргийн олон хот, портуудад дэлхийн 19 орны 67 хөлөг онгоц далайд замдаа гарч чадахгүй түгжигдээд байгаа юм байна.
Эх сурвалж: Topwar
2 comments
Ukrain chadaxgui togloomoor togloj uls ornuudad ayul tarix ni dee. Ter ued delxii niiteeree Ukrainyg uzen yadax bolno.
Санаандгүй биш санаатай хийсэн байх муу фашистууд.