Монгол Улсын эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.6 жилээр бага байгаа нь дэлхийн 200 гаруй улсаас 12, бүс нутагтаа 2-т бичигдэх үзүүлэлт болохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам танилцуулав.
Энэхүү үзүүлэлтийн голлох шалтгаан нь Маскулын шинж чанар буюу эршүүд байдлын сөрөг нөлөө гэж үздэг байна. Энэ нь архи, тамхи хэрэглэх зэрэг хорт зуршилтай байх нь хэвийн үзэгдэл бол эсрэгээрээ эрүүл мэнддээ анхаарч биеэ тордох нь эмэгтэйлэг зүйл гэх нийгэмд тогтсон буруу хэм хэмжээ юм.
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын шалтгааны талаар хийсэн Дэлхийн банкны судалгаагаар эрэгтэйчүүд эмзэг байдлаа бусдад харуулахаас зайлсхийх, “чанга, хатуу” гэдгээ бусдад батлан харуулахын тулд өвчний шинж тэмдгээ нуух хандлагатай байдаг аж.
Энэ байдал нь эрэгтэйчүүд хүндээр өвдсөн ч эмнэлгийн тусламж авахаас зайлсхийхэд хүргэж байна.
- Эрэгтэйчүүд ажилгүйгээсээ болоод сэтгэл санааны гүн хямралд ордог бөгөөд даван туулах зөв арга замаа олдоггүй
- эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс 5.8 дахин их байсны 54% орон нутгийн иргэд байгаа зэрэг сөрөг үр дагаврууд гарч байна.
Дэлхийн банкны уг судалгаагаар, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс богино насалж байгаа шалтгааны
- 44.6% – хорт зуршил ихтэй
- 36.2% – эрүүл мэнддээ анхаардаггүй
- 30% – хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, таргалалт ихтэй
- 21.8% нь осол гэмтэл гэж дүгнэжээ.
Түүнчлэн эрэгтэйчүүдээс “Та хэдэн насандаа өөрийгөө хөгширсөнд тооцох вэ?” гэж асуухад
- хот суурин газрын эрчүүд 50, 60 гэсэн бол
- хөдөө орон нутагт 40,50 насандаа өөрийгөө хөгширсөнд тооцдог гэж хариулсан байна.