Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам өнгөрсөн хугацаанд мах, махан бүтээгдэхүүний экспорт болон нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор махны үйлдвэрүүдэд БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын холбогдох шинжээч, Монгол Улсын төрийн байгууллагууд хамтран хянан магадлагаа хийж, БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй үйлдвэрийн тоог нэмэгдүүлэхээр ажиллажээ.
Мөн Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын гаалийн ерөнхий газар хоорондын Монгол Улсаас БНХАУ-д сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох хяналт шалгалт, хорио цээрийн шаардлагын талаарх протоколыг тохирсон байна.
Ингэснээр сүү, сүүн бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох боломж бүрдээд байгааг онцлохын зэрэгцээ ноолууран бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх хүрээнд “Монголын хаан ширхэгт” сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүний чанарын стандартыг шинээр боловсруулан, батлуулж Оюуны өмчийн газрын 10876 дугаартай гэрчилгээ бүхий “Монголын хаан ширхэгт” ноолуурын чанарын гэрчлэх тэмдгийг ХХААХҮЯ эзэмшиж байна.
Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын хүрээнд Монголын ноос ноолуурын холбоотой “Хаан ширхэгт” чанарын гэрчлэх тэмдгийг олгох зарим эрх, үүргийг хэрэгжүүлэх гэрээ“-г байгуулан ажиллаж байна. Гэрчлэх тэмдгийг ашиглах эрх авах хүсэлтээ илэрхийлсэн “Говь” ХХК, “Кашмир Холдинг” ХХК, “Ханбогд кашмир” ХХК-иудад “Монголын Хаан Ширхэгт” тэмдгийг хэрэглэх эрхийг олгож, Итали Улс руу энэхүү чанарын гэрчлэх тэмдэгтэйгээр самнасан ноолуурыг экспортолж эхлээд байгааг дурдлаа.
Тус гэрээний дагуу техник эдийн засгийн үндэслэлийн эхний шатны тооцоо судалгааг боловсруулж дууссан бөгөөд дараагийн шатны нарийвчилсан судалгааг хийж гүйцэтгэж байна. Тус цогцолбор нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд 15.9 га газарт төлөвлөсөн бөгөөд жилдээ 400 мянган бодын шир боловсруулах 1 үйлдвэр, 4 сая ширхэг богийн арьс, шир боловсруулах 4 үйлдвэр, цэвэрлэх байгууламжийн хамт байгуулагдаж, нийтдээ үйлдвэрт 800 гаруй, дагалдах 1,500 орчим ажлын байр бий болно гэв.
Мөн Ховд аймагт байгуулагдах “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн парк ашиглалтад орсноор жилдээ нэг сая ширхэг арьс, шир, гурван мянган тонн ноос, 300 тонн ноолуур, 3,400 тонн хаягдал яс, 440 мянган тонн өлөн гэдэс үйлдвэрлэх үйлдвэр байгуулагдаж, 2.2 мянга гаруй ажлын байр бий болно. “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд зориулан 2022 оны улсын төсөвт 19.2 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд 2022 онд 5.8 тэрбум төгрөгийн, 2023 онд 13.4 тэрбум төгрөгийн санхүүжилт шилжин хийгдэнэ.
Тусгагдсан хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэх хүрээнд тендерийн сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдаад малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийн технологийн хаягдал усыг цэвэрлэх байгууламжийг улсын төсвийн хөрөнгөөр байгуулах ажлыг эхлүүлж, одоогийн байдлаар барилга байгууламжийн ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна гэж байлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан жилд дунджаар 10 орчим мянган тонн ноолуур, 45 мянган тонн ноос, 15-17 сая арьс ширний нөөц гардаг. Дотоодын үйлдвэрүүд хэдийгээр боловсруулалт хийж байгаа ч хангалттай түвшинд хүрээгүй тул Засгийн газраас тодорхой дэмжлэг үзүүлж байгааг онцлов. Тэрбээр, ноолуурын салбарт жилд ойролцоогоор гурван хувийн хүүтэй 100-150 тэрбум төгрөгийн зээлийг тогтмол гаргадаг.
Энэ жил хөдөө аж ахуйн 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гаргасан бөгөөд нэмж арьс, ширний үйлдвэрүүдэд 15, ноосны салбарт 25 буюу нийтдээ 40 тэрбум төгрөгийг мал аж ахуйн салбарын түүхий эдийн бэлтгэл, боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор гаргасан гэж байлаа. Мөн тэрбээр, экспортод гаргаж буй хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний 95 хувь нь нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн байгаагийн 90 хувь нь ноолууран бүтээгдэхүүн эзэлдэг.
Ноолуур нь шавхагдашгүй, эргэн төлждөг баялаг тул нэмүү өртөг шингэсэн боловсруулалтын түвшинд хүргэх асуудалд аж ахуйн нэгжүүдтэйгээ ярилцаж тохирсон. Бид ноолуурыг самнаснаас дээш боловсруулалтыг хийж экспортод гаргах техник зохицуулалтын төслийг бэлтгэж дууссан, ирэх дөрөвдүгээр сард багтаан Засгийн газраар батлуулна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өчигдөр УИХ-ын чуулган дээр мэдэгдэв.
1 comment
ХХХААЯамнаас зохион байгуулж байгаа Аж үйлдвэрийг хөгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлуудад талархалтай хандаж бна Та бүхнийг зорисон зорилгынхоо төлөө тууштай ажиллана гэдэгт итгэж бна Цаашдын ажилд чинь амжилт хүсье