УИХ-ын Баасан гаригийн чуулганы хуралдаан дээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан аар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн асуулгад хариулт өглөө.
“Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг нээх болон “Монгол мал-II” арга хэмжээний хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар” тавьсан асуулгад
Сайд З.Мэндсайхан: Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд 2021 онд 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр инженерийн хийцтэй 466 худаг, 189 гар худаг барьж байгуулан ашиглалтад оруулснаар 850.2 мянган га бэлчээр, 2,708 малчин өрх, 1.5 сая толгой мал сүргийг усаар хангах боломжийг бүрдүүлсэн.
Мал өвөлжилт 2020 онд хүндэрсэнтэй холбогдуулан зуншлага муу болсон 10 аймагт өвс, тэжээлийн аюулгүй нөөц бэлтгэхэд шаардагдах хөрөнгө гаргуулав. Мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвсийг импортын Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн дагуу өвс, тэжээл импортлох 26 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж 90.2 мянган тонн өвс, тэжээлийг импортлох ажлыг зохион байгуулав.
Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгийн малчин өрх бүрд, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумдын малчин өрхөд 300 мянган төгрөгийн үнэ бүхий тэжээл олгосон. Мөн “Мал аж ахуйн салбарын хаваржилтын хүндрэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 110 дугаар тогтоолын дагуу малчин өрх бүрд 100,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан.
Мөн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц” төлөвлөгөөний хүрээнд малчдыг дэмжих гурван жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй 250 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэж нийт 199.5 тэрбум төгрөгийн зээлийг 19.8 мянган малчин болон мал бүхий иргэдэд олгосон. Үүний үр дүнд малчдын санхүүгийн чадавхыг нэмэгдүүлж, малын үүлдэр угсааг сайжруулах, хадлан тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэх, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлд бодитой өсөлтийг бий болгосон хэмээн хариуллаа.