Ханш болон инфляц өсөөд байгаа энэ үед Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өчигдөр (2022.03.24) хуралдаж, бодлогын хүүг 265 хувиар нэмэгдүүлэн 9 хувьд хүргэх шийдвэрийг гаргаад байгаа.
Энэ шийдвэрийн талаар эдийн засагч Ө.Ганзориг өөрийн фэйсбүүк дэх албан ёсны хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Бодлогын хүүг 9 хувь болгож байгаа гол шалтгаан, зорилгыг сүүлийн үед зарим улс төрч тайлбарлахдаа Монголбанк долларын ханшийн өсөлтийн эсрэг болон инфляц өндөр байгаатай холбогдуулан өсгөсөн гэж ярьж байна. Эдийн засагч хүний хувьд би үүнийг буруу гэж үзэж байна.
Монгол Улсын инфляц иргэдийн гар дээр их мөнгө овоорсноос болоод өсөж байгаа юм байхгүй. Долларын ханшийн өсөлт ч ялгаагүй иргэд гэнэт доллар аваад, тансаг зүйл хэрэглэх гээд байгаагаас болоогүй. Монгол Улсын эдийн засгийн хувьд инфляцтай бодлогын хүүг өсгөж тэмцэнэ гэдэг үр нөлөөгүй гэж үзэж байна. Би 20 гаруй жил энэ улсын эдийн засгийн салбарт ажиллаа. Валютын ханшийг мэддэг, олон улсын сертификаттай дилер хүний хувьд хэлж байна.
Бодлогын хүү өссөнөөр зээлийн хүү өснө. Зээлийн хүү өссөнөөр хүмүүсийн хэрэглээ буурна. Хэрэглээ буурснаар инфляцыг тогтооно гэж эдийн засгийн онолд тайлбарладаггүй. Инфляц үүссэн шалтгаан нь бараа бүтээгдэхүүний хомстол. Үүнийг жирийн иргэн хүртэл ойлгож байгаа шүү дээ.
Нэг: Бодлогын хүү өссөн асуудал. Бодлогын хүү өссөнөөр нэгдүгээрт хадгаламжийн хүү өснө. 6-7 хувьтай байгаа хүү 9-10 хувьтай болох нь ойлгомжтой боллоо. Үүнийг дагаад зээлийн хүү нэмэгдэнэ. 10 хувийн хүүтэй зээл 13 хувь болно. Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү сүүлийн 30 жилийн түүхэнд байхгүйгээр бууж ирсэн бөгөөд сарын 1.6% руу орж байсан. Гэтэл одоо нэмэгдэх нь тодорхой болчихлоо.
Хүү одоо 3%-аар нэмэгдчихээр барилгын үнэ өснө. Худалдаа наймаа хийдэг бүх хүний зээл өснө. Өөрөөр хэлбэл, бодлогын хүүг нэмсэн нь инфляцыг буулгах биш харин өсгөнө. Эдийн засагч хүний хувьд шүүмжлэлтэй хандаж байна. Зээлийн хүү бага байх тусам л инфляц бага байна.
Хоёр: Долларын ханшийн асуудал. Ямар ч доллар заруулахгүй гээд гацааж, түгжсэнээр төгрөгийнхөө үнэ цэнийг л унагаж байна. Бид төгрөгийнхөө үнэ цэнийг өндөр байлгах ёстой. Ингэж байж төгрөгт итгэх итгэлийг бий болгоно. Гэтэл төгрөг бол дэмий юм байна доллартой л байх хэрэгтэй юм байна гэх хүлээлт үүсгэж байна.
Улс орны эдийн засгийг удирдана гэдэг нь ард иргэдийн төгрөгт итгэх итгэлийг удирдах тухай асуудал байдаг. Хэт их сүржигнэж байна. Удахгүй хятадын хил нээгдээд нүүрс гарна.
Ингэж сүржигнэхийн оронд алтны экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Алт олборлох зөвшөөрлийг нь улсаас өгчхөөд байхад нэг поп улстөрчөөс болоод олборлож чаддаггүй байдлыг Ерөнхий сайд анхааралдаа авч шийдэх хэрэгтэй” гэв.