Яармагт байрлах НЗДТГ-ын шинэ байранд “Хот, хөдөөгийн сэргэлт” хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэг 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Хэлэлцүүлгийн хүрээнд
1. Хот хөдөөгийн сэргэлт ба Нийслэл
2. Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулах бодлого
3. Улаанбаатарын авто замын төслүүд
4. Хөшигийн хөндий дэх Шинэ Зуунмод хотын нэгдсэн төлөвлөлт, эхний ээлжийн инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл
5. Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэг бодлого
6. Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого зэрэг чиглэлээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Хотын дарга Д.Сумъяабазар “ОХУ-Украины дайн, БНХАУ-ын халдварын нөхцөл байдал манай улс болон нийслэлийн эдийн засагт нөлөөгөө үзүүлж эхэллээ. Төлбөрийн тэнцэл алдагдалтай, үнийн өсөлт эрчимжсээр байна. Инфляцын оргил үе 18 хувьд хүрэхээр байна. Нийслэлд нийт хүн амын 50-иас дээш хувь нь амьдардаг, ДНБ-ий 70 хувийг нийслэлд үйлдвэрлэдэг. Жил бүр 35 мянган иргэн нийслэл рүү ирсээр байна. Хотод амьдралын чанар сайжрахгүй байгааг бид өглөө бүр харж байна. Хотын эдийн засаг улсын эдийн засгаас ихээхэн ялаатай. Энэ онд нийслэл 1.6их наяд төгрөгийн орлого бүрдүүлнэ. Энэ нь өмнөх оныхоос 420 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Нийслэлийн түүхэн дэх хамгийн өндөр төсөв болсон. Гэхдээ төсвийн орлогын 70 хувийг ХХОАТ эзэлдэг нь буруу. Орлогын төрөлжилт муу байна гэсэн үг. Бусад хотуудын орлоготой харьцуулахад манай орлогын эх үүсвэр хэт цөөн байна.
Хотын хөгжлийн сан байгуулах хуулийн орчин бүрдсэн. Хувийн хэвшлийн оролцоог нэмнэ. Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас нийт 3 тэрбум ам.долларын зээл авахаар болсон. Үүний заримд нь Засгийн газрын баталгаа шаардлагагүй.
Иргэд газрынхаа зориулалтыг өөрчилдөг. Тэр дагуу хотын газар зохион байгуулалтыг хийж байна. Газрыг мөнгө олох хэрэгсэл болгосон. Иймд хотын төлөвлөгөөг мэргэжилтнүүд биш иргэд залж чиглүүлдэг болсон. Энэ зовлонгоо ил тод ярих хэрэгтэй” гэв.
Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд 10-аад төсөл хэрэгжүүлнэ. Эдгээрт нийт 11 их наяд төгрөг хэрэгтэйгээс 700 орчим тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргана. УИХ-д нийслэлийн түгжрэлийг бууруулах, төвлөрлийг задлах Түр хороог байгуулсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын асуудалд ихээхэн анхаарч ажилладаг. Өмнө нь аль ч Ерөнхий сайд нийслэлд ингэж анхаарч байсангүй.
Нийслэлийг ирэх 5-10 жилд хөгжүүлэх бодлогын баримт бичгүүд нь бэлэн болсон. Газрын багц хуулийг удахгүй УИХ хэлэлцэнэ. Энэ төсөлд нийслэлийн газрын татварыг байршлаас нь хамааран өөр өөрөөр тогтоох заалт багтсан. Мөн нийслэл газрын татвараа өөрсдөө тогтоох эрх мэдэлтэй болох заалт ч бий.
Хотын бонд гаргах ажлыг эрчимжүүлнэ. Бонд урт хугацаатай байна. Утааны тухайд ядууралтай шууд холбоотой тул ядуурлыг бууруулахад анхаарч ажиллана гэв.