Хятад улс Австралиас 2000 км хүрэхгүй зайд орших Соломоны арлууд улстай батлан хамгаалах гэрээ байгуулж, Хятадын тэнгисийн цэргийн флотыг байрлуулах боломжийг олж авахаар төлөвлөж байна. Энэ тухай пүрэв гарагт The Guardian сонин нийгмийн сүлжээнд гарсан баримт бичгийн төслийг иш татан мэдээлжээ.
Үүний зэрэгцээ тус сонин хоёр улс 3-р сарын 18-нд хууль сахиулах салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан хэмээн бичжээ. Үүний дагуу БНХАУ-ын цэрэг, цагдаа нар Соломоны арлуудад нийгмийн хэв журмыг сахиулах, тус улсад байгаа Хятадын бие бүрэлдэхүүн, төслүүдийг хамгаалах, байгалийн гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авахад туслах боломжтой болох юм байна.
Мөн тус сонин 2018 оноос хойш Австрали болон Соломоны арлуудын хооронд аюулгүй байдлын гэрээ хүчин төгөлдөр болсныг дурдаад гэрээнд аюулгүй байдлыг дэмжих зорилгоор арлууд руу цагдаа, цэрэг илгээх асуудлыг тусгасан талаар мэдээлжээ.
Австралийн Дотоод хэргийн сайд Карен Эндрюс Соломоны арлуудад Хятад улсын явуулж болзошгүй үйл ажиллагааны талаарх асуултад хариулахдаа:
Номхон далай бол Австралийн “арын хашаа, бидний хөрш” гэдгийг сануулаад Номхон далайн арлуудад болж буй аливаа үйл ажиллагаанд бид маш их санаа зовж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Соломоны арлуудын эрх баригчид 2019 онд Тайваньтай дипломат харилцаагаа тасалснаар хамгийн олон хүн амтай Малайта мужийн удирдагчдын дургүйцлийг төрүүлж, Марлетта мужийн амбан захирагч Даниэль Судани Ерөнхий сайд Манассе Согаверийг Бээжинтэй хэт ойр дотно харилцаатай хэмээн буруутгаж байсан бөгөөд 2021 оны арваннэгдүгээр сард нийслэл Хониара хотод үймээн дэгдэж байв.
Эмх журам сэргээхийн тулд Австрали, Шинэ Зеланд, Фижи, Папуа Шинэ Гвинейн 200 орчим цэрэг, цагдааг тус хотод шилжүүлсэн бөгөөд үүнийг зарим ажиглагчид Австрали улс Соломоны арлуудын нөхцөл байдалд БНХАУ-ын аюулгүйн хүчнийг хөндлөнгөөс оролцуулахгүй гэж үзсэн, сэргийлсэн арга хэмжээ хэмээн тайлбарлаж байжээ.