Дэлхийн дулаарал, байгаль, цаг уурын өөрчлөлтөд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлж, анхаарлыг татах зорилготой “Эх дэлхийн цаг” хөтөлбөр 2007 онд эхлэн жил бүрийн 3 дугаар сарын сүүлийн бямба гарагт тохиодог билээ. Нэг цагийн турш дэлхийн бүх хүн, нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг тус хөтөлбөр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтойг харуулдаг.
Зөвхөн гэрэл унтрааж цахилгаан хэмнэхээс гадна байгаль экологийн асуудалд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулахад зорилго нь оршино.
Улс орнууд “Эх дэлхийн цаг”-т янз бүрийн байдлаар нэгддэг ба Дэлхий дахин “Эх дэлхийн цаг”-аар буюу жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба гаригийн 20:30-д нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраадаг. Сан Франциско хот дахь Голден Гейт гүүр, Ромын Колизейн задгай театр, Сидней хот дахь дуурийн ордон, Тайм талбайд байрладаг сурталчилгааны самбар зэрэг ямагт гэрэлтэж байдаг томоохон байгууламжууд нэг цагийн турш харанхуйд орших нь дэлхий нийтийн анхаарлыг татахад гол үүрэг гүйцэтгэж байсан юм.
Та бүхэн “Эх дэлхийн цаг”-т нэгдэн маргааш буюу 3 дугаар сарын 26-нь бямба гарагт 20:30-21:30 цаг хүртэл гэрлээ унтрааж, лааны дэргэд гэр бүлээрээ халуун дотно яриа өрнүүлээрэй.
Б.Цагаанцоож