АНУ 2022 онд Европын холбооны орнуудад 15 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх амлалт өглөө. Байден болон Европын холбооны орнуудын удирдагчид Оросын эрчим хүчнээс хараат байдлыг бууруулах асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд АНУ энэ онд 15 тэрбум шоо метр байгалийн хийг шингэрүүлсэн хий хэлбэрээр нийлүүлэх гэрээг эцэслэн байгуулж байна гэж Financial Times мэдээлэлтэй эх сурвалжаас иш татан бичжээ.
Хэлэлцээрийг 3-р сарын 25-нд Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нар зарлах төлөвтэй байна.
АНУ Оросоос шатахуун импортлохоос аль хэдийн татгалзсан бол Их Британи оны эцэс гэхэд мөн адил татгалзана гэдгээ амлаад байгаа. Үүнээс гадна Герман зэрэг олон орон эрчим хүчний үнэ цаашид өсөхөөс эмээж байгаа тул Европын зөвлөл дээр санал бодол хуваагдаж байна.
Европын холбоо энэ онд Оросын хийн импортыг 50 тэрбум шоо метрээр бууруулах зорилт тавьсан. АНУ, Катар, Египет зэрэг орноос шингэрүүлсэн хий импортлох замаар нийлүүлэлтээ нөхөхөөр төлөвлөж байгаа юм. Үйлдвэрлэгчид урт хугацааны гэрээгээр ихэвчлэн нийт үйлдвэрлэлийн хэмжээгээр нийлүүлдэг тул энэ нь маш хэцүү ажил байж болох юм гэж Financial Times бичжээ.
Эх сурвалж: INTERFAX