Х.Ганхуяг, Х.Булгантуяа хуулийн төслөө татан авчээ
2022-03-25 10:20

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө татан авч байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэв.
Уг хуулийн төсөлд:
- Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох;
- Гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн уг хуулийн төсөл УИХ-ын гишүүд болон олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэлд өртсөн юм.
Эргэн сануулахад:
2021.10.07-ны өдрийн УИХ-ын хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Харин иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч хуулийн төслийг санаачилсан дөрвөн гишүүний хоёр нь буюу П.Анужин, Д.Өнөрболор нар нэрээ татсан.