АН-ын дотоод зөрчил үргэлжилсэн хэвээр байна. О.Цогтгэрэлийн тэргүүлдэг Ардчилсан намын бүлэг, хэсэг намын даргын сунгаа гэгчийг зарлан яг одоо Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон Ж.Батсуурь нар 21 аймгийг тойрон ажиллаж байна.
Тэд ирэх сарын 7-нд болох О.Цогтгэрэлийнхний зарласан ээлжит бус Их хурал дээр намын даргаа сонгоно гэж байгаа. Тус нам дотор өрнөж буй асуудлаар Ардчилсан намын дэд дарга, АН-ын УИХ дахь бүлгийн ажлын албаны дарга Ц.Оюундарь MPRESS мэдээллийн сайтад ярилцлага өгсөн байна.
Энэ ярилцлагадаа Ц.Оюундарь: Ардчилсан намаас албан ёсоор сунгаа зарлаагүй. Энийг албан ёсоор хэлье. Хууль ёсны АН гэдэг бол төрийн сонгуульд оролцдог нам байх ёстой. Өнгөрсөн бүх сонгуульд АН-аас хууль ёсны бүртгэл тамгатай, С.Эрдэнэ даргатай намаас л оролцсон шүү дээ.
Манай намд байсан хэсэг хүн өөрсдийгөө Ардчилсан нам гэж нэрлээд, АН-ын туг тэмдэг, далбааг ашиглаж “Сунгаа зарлаж байна” гээд хоёр хүн өрсөлдүүлээд байгаа. Энэ хүмүүс ямар зорилготой яваад байгааг бид мэдэхгүй.
Өнгөрсөн түүхүүдийг харвал Х.Баттулга АН-аас 2017 онд нэр дэвшиж гарсан боловч, улстөрийн түүх нь Эрэл-ийн намаас үүдэлтэй. 2016 оны хавьцаа Ерөнхийлөгчид нэр дэвшихийнхээ өмнө бас л шинэ нам байгуулаад л, хүмүүсийг урвуулаад л, АН-ыг задлах үйл явцыг хийсээр ирсэн хүн.
Энэ хүнд АН-аар овоглох хууль ёсны, үзэл санааны, ёс зүйн ямар ч эрх байхгүй. Тэгэхээр энэ хүн АН-ын сунгаанд яваагүй. Харин АН-ын хүн гэж энэ хүнийг андуурсан, мэдэхгүй байгаа хүмүүсийг төөрөлдүүлж, тэдгээрийг салган авч явах оролдлого л хийж байгаа гэж ойлгож болно хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Ярилцлагыг бүрэн эхээр ЭНД дарж уншина уу.