Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэх Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажлуудад болон сурагчдын амралт эхлэх гэж буйтай холбогдуулан хүүхдийн тоглоомын талбайд тавих хяналтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр (2022.03.23) мэдээлэл өглөө.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэлэхдээ: Аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх ажил дан мэргэжлийн хяналтын байгууллагын үүрэг гэхээс илүүтэй тухайн ажлыг гүйцэтгэж буй байгууллагын анхан шатны хяналт гол байдаг.
Барилга, дэд бүтцийн чиглэлийн бүтээн байгуулалтыг улсын хөрөнгөөр хийж байгаа тохиолдолд нийт төсвийн 0.5%-аас доошгүй хөрөнгийг, хувийн хэвшлийн байгууллага 1.5%-аас доошгүй хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах ёстой. Өөрөөр хэлбэл улсын төсвийн нэг тэрбум төгрөгөөр сургууль, цэцэрлэг барилаа гэхэд 50 сая төгрөгийг хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулна.
Бүтээн байгуулалтад ид хөдөлмөрийн насны залуучууд ажилладаг. Тэднийг осол аваарт орохоос сэргийлж захиалагч, гүйцэтгэгч нар хөдөлмөрийн аюулгүй байдалд анхан шатны хяналтыг тавих үүрэгтэй.
Хүүхдийн тоглоомын талбайд өмнө нь осол гарч байсан. Үүнд анхан шатанд хэн хяналт тавих нь хуулиар зохицуулагдсан байдаг. Сургууль, цэцэрлэгийн орчинд тухайн сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, орон сууцны гадаах талбайг СӨХ-үүд, гэр хорооллынхыг хороо, дүүргийн дарга нар хяналт тавьж, хариуцах үүрэгтэй. Тиймээс эдгээр хүмүүст үүргүүдийг танилцуулах зорилгоор зөвлөмж, мэдээллийг хүргүүлээд байна. Бид хамтарч ажиллаж байж ослыг бууруулна.
Саяхан лифтний осол гарсныг та бүхэн мэдэж байгаа. Улаанбаатарт байгаа нийт лифтүүдэд ашиглагч байгууллагууд мэргэжлийн байгууллагатай гэрээ хийж, лифтний ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Аливаа осол аваар болохоор мэргэжлийн хяналтын байгууллага хяналтаа тавьсан уу гэдэг асуудал гардаг. Бид хариуцлагаас бултахдаа ингэж ярьж байгаа юм биш. Нийтээрээ осол аваарыг буулгахын тулд хуулиараа хэн, ямар үүрэг хүлээсэн байдгийг хэрэгжүүлж ажиллах нь чухал гэдгийг хэлье” хэмээн ярилаа.
Нийслэлийн МХГ 260 аж ахуйн нэгжид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлд зөвлөмж мэдээлэл өгчээ
Он гарснаас хойш зургаан осол гарсны тав нь хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас өргөх байгууламж хариуцсан тусгай зөвшөөрлийн байгууллагад хүргүүлсэн. Нийт 2800 орчим липт эзэмшигч байгууллагуудад мэдэгдэл хүргэсэн. Мөн 260 аж ахуйн нэгжид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлд зөвлөмж мэдээлэл өгчээ.
Энэ оны гурван сарын байдлаар 8600 гомдол мэдээлэл ирсэн. Үүний 132 нь барилга байгууламжтай холбоотой. Үүнд, дулаан алдагдал, барилгын хийц өөрчилсөн, өвлийн улиралд барилгын ажил явуулсан зэрэг гомдол мэдээлэл ирснийг шалгаж үзээд, 53 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Мөн Улаанбаатар хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй, долоон сараас дээш барилгын үйл ажиллагаа нь зогссон барилга байгууламжийг хамгаалалтын горимд шилжүүлэхийг мэдэгдэл хүргүүлсэн. Нийт 54 барилга байгууламжид ийм сануулга өглөө. Түүнчлэн орц, гарц хаасан тухай 12 гомдол ирсний дагуу тухайн дүүрэг, хорооны Засаг даргад зөвлөмж мэдэгдлийг хүргүүлсэн. Үүнээс гадна 1227 айл өрх үерийн эрсдэлтэй бүсэд суурьшиж байна.
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 16 давхар барилга шатсан осол энэ сарын 6-нд гарсан. Гал гарсан барилга дээр ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын хүрээлэн тухайн орон сууцныг барихад шүршдэг хөөсөн барилгын материал ашиглах зөвшөөрөл олгосон байсан. Мэргэжлийн хяналтын байгууллага зөвхөн эрүүл ахуйн чиглэлд хяналт тавьж ажиллана хэмээн НМХГ–ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга мэдээлэв.