Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хянах тогтолцоо болон төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнд гүйцэтгэлийн аудит хийснээс гол үр дүнгүүдийг танилцуулж байна.
Монгол Улс энэ чиглэлээр 2010 оноос хойш богино, дунд, урт хугацааны 4-5 бодлогын баримт бичиг баталсан ч хэрэгжилтийн явцыг тогтмол хугацаанд үнэлж дүгнэдэггүй, залгамж чанар, уялдаа байхгүй байгаа нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэж дүгнэжээ.
Манай хүн амынхнаа хүнсний хэрэгцээг ямар байдлаар хангаж байгааг доорх зургаас харна уу.
Хүнсний хангамжийн 2020 оны түвшнийг өмнөх онтой нь харьцуулахад мах, төмс хүнсний ногоо, сүү, төрөл бүрийн будаа зэргийн хангамж өмнөх оноосоо өссөн бол өндөг, жимс, буурцагт ургамлын хангамж буурсан байна.
Дээрх зургаас харвал мах махан бүтээгдэхүүнээс бусад хүнсний хангамж сул байна. Махны хангамжийн хүрээнд нөөцийн мах нийлүүлдэг ч иргэдийн 65 хувь нь уг мах чанаргүй байдаг гэж үнэлжээ.
Хүнсний хангамжийн эх үүсвэрийн тухайд Монгол Улсын гол нэрийн 16 хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг 2020 онд дотоодын үйлдвэрлэлээр 57.9 хувийг, импортоор 42.1 хувийг тус тус хангасан нь өмнөх оноос 0.6 нэгж хувиар буурсан байна.
Гол нэрийн 6 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа боловч импортын хамаарал 42.1 хувь буюу хүнсний бие даасан байдал алдагдсан хэвээрээ байгаагийн илрэл юм.
Олон улсын практикт хүнсний хангамжийн баталгаат байдлыг “хүнсний бие даасан байдал”-ын итгэлцүүрээр, өөрөөр хэлбэл хэрэглэсэн нийт гол нэрийн бүтээгдэхүүний хэмжээнд импортын эзлэх хувийн жингээр дараах 3 түвшинд үнэлдэг байна.. Тухайлбал:
- Импорт 10-20 хувь “хүнсний бие даасан байдал” хангагдсан;
- Импорт 25-30 хувь бол “хүнсний бие даасан байдал” эрсдэлтэй;
- Импорт 40-хувиас илүү бол “хүнсний бие даасан байдал” алдагдсан гэж үнэлдэг.
Импортоор төрөл бүрийн будаа, ургамлын тос, загасыг 100.0, шувууны махны 96.5, жимс, жимсгэнийн 96.4, цөцгийн тосны 51.4, өндөгний 49, сүүн бүтээгдэхүүний 39.1, хүнсний ногооны 39.3, гурилан бүтээгдэхүүний 35.2, сахар, чихрийн зүйлсийн 34.4 хувийг тус тус хангаснаас үзэхэд манай улсын гол нэрийн 16 бүтээгдэхүүний импортын хамаарлын түвшин 42.1 хувь буюу “хүнсний бие даасан байдал” алдагдсан ангилалд байна.
Үндэсний статистикийн хорооны даргын 2015 оны А/12 дугаар тушаалаар баталсан “Хүнсний аюулгүй байдлын статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-ын дагуу 2014 оноос хойш хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтийг гаргаж байгаа нь хүн амын хүнсний хангамж, хүртээмж, шим тэжээл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд дүн шинжилгээ хийх, төрийн бодлого боловсруулахад ач холбогдолтой боловч зарим үзүүлэлтийг хэт ерөнхий, бодит байдлаас зөрүүтэй тооцоолж байна. Тухайлбал:
- Статистик мэдээнд улсын бүх малын дэлэн дэх сүүний нөөц хэмжээг тооцож, 1.0 сая тонн сүү гэж оруулснаас шингэн сүүний хэрэглээ 6.5 дахин их;
- Жишсэн нэг хүний жилийн хэрэгцээний малын махыг шулснаар 157 килограмм гэж тооцсон бол, статистик мэдээнд ястай махаар тооцож оруулснаас малын махны хэрэглээ 5.4 дахин их.
Энэ нь хүн амыг чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр жигд тогтвортой хангахад хүндрэл үүсэх, гэнэтийн хүчин зүйлсийн нөлөөнд өртөх, төрөөс баримтлах бодлого, зорилт хэрэгжихгүй байх зэрэг эрсдэлтэй тул цаашид хүнсний хангамж, хүртээмж, шим тэжээл, хүнсний аюулгүй байдлын статистик мэдээг олон улсын түвшинд нийцсэн аргачлалаар, үнэн зөв, бодитой тооцох нь чухал байна.
Хүнсний сүлжээний бүх үе шатны нэгдсэн бүртгэл, хяналт мэдээллийн нэгдсэн тогтолцоо байхгүй байна.
“Намрын ногоон өдрүүд”-ийг зохион байгуулахад 2018-2019 онд ₮59.2 сая, 2021 онд ₮39.6 саяыг зарцуулсан ч үр дүнг нь үнэлж дүгнэдэггүй
Хүнсний холбогдолтой үндэсний стандартын тоо 2020 онд 693 болж өмнөх оноос 25 буюу 3.7 хувиар өссөн бөгөөд 272 буюу 39.2 хувь нь олон улс, бүс нутаг, гадаад орны стандартын түвшинд хүрсэн, 421 буюу 60.8 хувь нь уялдуулсан стандарт байна.
Монгол Улсад хүнсний технологийн 606 стандарт, 4 техникийн зохицуулалт байгаагаас 330 нь шинжилгээний арга, аргачлалтай холбоотой, 172 нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний техникийн ерөнхий
шаардлагууд, 104 нь хүнсний үйлдвэрийн нийтлэг асуудал, тоног төхөөрөмж, бусад стандартууд байна.
Тиймээс шинээр боловсруулах шаардлагатай 37 стандарт байгаа ба шинэчлэх шаардлагатай стандартууд цөөнгүй байна.
Монгол Улсад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд сорил туршилт хийх чиг үүрэг бүхий төрийн болон хувийн хэвшил, их дээд сургуулиудын харьяа лаборатори 2016 онд 66 байсан бол 2019 онд 69, 2020 онд 106 болж өмнөх оноос 37 буюу 34.9 хувиар өссөн байна.
Орон нутгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораториудын одоо ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн 50 орчим хувийг 2000 оноос өмнө үйлдвэрлэсэн, элэгдлээ бүрэн нөхсөн, ашиглалтын хугацаа дууссан, засвар, шинэчлэлт хийгээгүй зэргээс шалтгаалан үйл ажиллагаа нь доголдон итгэмжлэлийн хүрээн дэх шинжилгээг бүрэн хийж чаддаггүй байна.
Замын-Үүд, Алтанбулаг боомтын лабораторийн үйл ажиллагаа сорилт болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий стандарт шаардлагыг хангахгүй байна.
Импортоор оруулж байгаа ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний пестицидийн үлдэгдлийг бүрэн тодорхойлох, пестицидийн тоо хэмжээ, нэр төрөл, хэрэглээнд хяналт тавих, гарал үүслийг мөрдөн мөшгөх тогтолцоо хангалтгүй байна.
Ургамлын хорио цээрийн лабораторийн шинжилгээнд ашиглах орчин үеийн аргазүй, өвчин, хортон шавжийг зүйлийн түвшинд тодорхойлох аргачлал, багаж төхөөрөмж дутагдалтай байгаагаас шалтгаалан зарим дээжид илэрсэн шавжийг тодорхойлж чадахгүй байна.
Сав, баглаа боодол үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй, зориулалтын бус сав, баглаа боодлын хэрэглээ, илэрч буй зөрчил буурахгүй байна.
Хоол, хүнсний талаарх хүн амын мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажлын үр дүнг тооцдоггүй, үнэлж дүгнэдэггүй, хэрэгжилт хангалтгүй байна.
Гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналтгүйгээс үр ашиггүй хөрөнгө оруулалт хийж, төслийн үр дүнг бууруулж байна. Тухайлбал:
- Дэлхийн банкнаас “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхээс 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 15.8 сая ам.доллар буюу 45 тэрбум төгрөгийг татан авч, 38.4 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Зээлийн эргэн төлөлт 2025 оноос эхлэх бөгөөд зээлийн хүү 1.65 хувь байна. Гэтэл тус төслийн хүрээнд нийт 45 мянга гаруй малчин өрхөд малын хүчит тэжээлийн тусламж үзүүлж, 179,849 малчин өрхөд тус бүр 100 мянган төгрөг нийт 18 тэрбум төгрөгийг буцалтгүй тусламжаар олгосон нь үр дүнгүй санхүүжилт болсон байна.
- Азийн хөгжлийн банкны “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд /2016-2022 он/ Замын-Үүд, Алтанбулаг хилийн боомтуудад 5.1 тэрбум төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмж, урвалж бодис, тавилга эд хогшлыг Дархан-Уул аймгийн МХГ, Алтанбулаг боомт дах ХМХА, Замын-Үүд боомт дахь ХМХА-д хүлээлгэн өгсөн хэдий ч 5.5 тэрбум төгрөгөөр лабораторийн барилга барихаар төлөвлөсөн барилгын ажлын явц 35-60 хувийн гүйцэтгэлтэй байгаа тул дээр дурдсан хөрөнгийг ашиглах боломжгүй, барилга байгууламж ашиглалтад орохоос өмнө эдгээр хөрөнгийн ашиглалтын хугацаа дуусаж чанаргүй хөрөнгө оруулалт болох эрсдэлтэй.
- Завхан аймагт Хүн амын хоол тэжээл хөтөлбөрөөр 2018-2020 онд НҮБ-ын Хүүхдийн сангаас амин дэм,олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл, шингэн сэлбэх давсны уусмалын үлдэгдэл, захиалга, зарцуулалтад аймгийн ЭМГ-аас тавих хяналт хангалтгүйгээс 356.4 сая төгрөгийн өртөгтэй 46,256 хайрцаг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн хугацаа дуусан устгасан.
Сум, орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих зорилгоор 2018-2020 онд олгосон санхүүжилтийг зориулалт бусаар зарцуулсан зөрчил түгээмэл байгаа нь салбарын яамнаас “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.1.4-т заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй, тус сангийн зарцуулалтад тавих хяналт хангалтгүй байгаатай холбоотой байна. Тухайлбал:
- Говь-Алтай аймагт 2018-2020 онд 153 иргэн, ААНБ-д 1,025.5 сая төгрөгийн зээлийг олгосноос нийт зээлдэгчдийн 8 хувь буюу 22 иргэн, ААН 80.9 сая төгрөгийн зээлийг гэрээт хугацаандаа төлөөгүй
- Дорноговь аймагт 2017-2020 онд нийт 81 иргэн, ААНБ-д 1,127 сая төгрөгийн зээлийг олгосноос 21 зээлдэгч үйл ажиллагаа явуулаагүй, 5 зээлдэгч зээлийг зориулалт бусаар ашигласан байна.
- Дундговь аймагт 2019-2021 оны хугацаанд нийт 554.8 сая төгрөгийг мах ангилах дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр олгосон ба эдгээр нь махны үйлдвэрлэл эрхлэх бус малчдаас мал авч дамжуулан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг байна. Мөн аудитын явцад зээлдэгчдийн үйл ажиллагаатай танилцахад 3 зээлдэгч зээлийг зориулалт бусаар ашигласан зөрчил илэрсэн байна.
- Ховд аймагт 2015-2020 онуудад хүнс, хөнгөн үйлдвэр, газар тариалан, сүү цагаан идээ, сүүний чиглэлээр 266 иргэн, аж ахуйн нэгжид 1,300.8 сая төгрөгийн төгрөгийн зээл олгож, үүнээс 122 иргэн, аж ахуйн нэгжийн 483.1 сая төгрөгийн зээл зориулалт бусаар зарцуулсан байна.