Монос нь 2-10 м хүртэл өндөр ургадаг сөөг буюу модлог бөгөөд дэлхий дээр 15 төрөл зүйл байдаг. Монголд 1 зүйл нь ургадаг. Модны гол нь хар саарал бүүдгэр өнгөтэй, залуу мөчрүүд нь хүрэн бүрхүүлтэй, навч нь богино шилбэтэй, захаараа жигд шүдлэгтэй, зуйван дугуйдуу далбагар байдаг. Навчны дээд тал нь бүдэг, доод тал нь үрчгэрдүү. Цэцэг нь цагаан өнгөтэй, 12 см урт цацаг багц цэцэг доош тахийж ургадаг. Цэцэг, навч, холтосноос өвөрмөц үнэр ханхалдаг. 5-6 сард цэцэглэж, 8 сард жимсэлдэг.
Жимс нь яслаг хар өнгөтэй, бөөрөнхий хэлбэртэй 5-8 мм диаметртэй, амтлаг боловч хэл аманд зууралдангитай байдаг. Хурц үнэр нь нян устгах чадвартайгаас гадна түр буусан шавьж хорхойг ч үхүүлэх чадвартай. Тэр дундаа бясаа, нохой бөөс, бөөс ч үхнэ. Байр сууц, өрөө тасалгаанд моносны том баглаа цэцгийг тавихад бие сулрах, толгой эргэх, өвдах зэрэг хордлогын шинж илэрч эхэлдэг. Ийм үед цэвэр агаар оруулах хэрэгтэй. Хатуухан хэлэхэд монос нь хорт ургамал юм. Гэвч жимсийг нь хүнсэнд хэрэглэхэд тохиромжтой.
Моносны био идэвхт бодис : Жимсэнд нь чихэрлэг 5%, органик хүчлүүд : алимны, нимбэгний амин дэмүүд, Р, С 18мг% хүртэл, пектинт бодис, эфирийн тос, эдээлгэ бодис, флавоноид, антоциан. Үрэнд нь /ясанд нь/ эфирийн тос1.8 болон бусад ашигт бодисууд. Навчинд нь С амин дэм 300мг% хүртэл, эфирийн тос, органик хүчлүүд, эдээлгэ бодис, хальсанд нь эдээлгэ бодис 2-3 %, чөлөөт хүчлүүд 0.09%, цэцгэнд нь гликозид тус тус агуулагддаг.
Ардын эмчилгээнд монос нь үрэвсэл намдаах, суулгалт тогтоох, нян, мөөгөнцрийн өсөлтийг зогсоох, хөлрүүлэх, шээс хөөлгөх, ханиалга дарах, үе мөч зэргийг эмчлэхэд хэрэглэгдэхээс гадна жирэмслэлтээс хамгаалдаг.
Эмийн журмаар жимс, цэцэг, навч, холтосыг хэрэглэнэ. Мойлыг бүрэн болцтойд нь хар өнгөтэй, шүүслэг болмогц түүнэ. Жимсийг муудаж гэмтээгүйг нь ялган авч цэвэрлээд пийшинд эсвэл хатаагчинд 40-50 градусын дулаанд 1-2 см үелүүлэн шүүрэн тавиур дээр хатаана. Цаг агаар дулаан хур бороогүй байвал наранд дэлгэж хатааж болно. Сайн хатаасан мойлыг хуурай байранд зөв хадгалбал 5 жил мууддаггүй.
Шинэ буюу хатаасан мойл нь ходоодыг бэхжүүлж, суулгалт, гэдэсний хижиг, ходоодны үрэвсэл, ходоод, 22 нугалаа гэдэсний шархлаа, гэдсээр хатгуулж өвдөх зэрэгт хэрэглэгдэнэ.
Ардын эмчилгээнд моносны цэцгээр буцалгамал бэлтгэж жирэмслэлтээс хамгаалахад хэрэглэнэ. Цэцгийг цагаан архинд хандлаад тулай, үе мөчний хэрх өвчний үед арчиж түрхэж хэрэглэнэ. Маш жижиглэн нунтагласан холтсоор бөөлжүүлэх, туулгахад ашиглана.
Моносны навчаар ханд бэлтгэн уушигны сүръеэ, мэнгэр, ходоод гэдэс хямрахад ууж, амны хөндийн үрэвсэлд хоолой ам зайлж хэрэглэнэ.