АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Европын холбоо, НАТО, Их долоогийн бүлгийн удирдагчидтай уулзсаныхаа дараа Польшид очиж, тус улсын Ерөнхийлөгч Анжей Дудатай хэлэлцээ хийж, Украины асуудлыг хэлэлцэнэ гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Ерөнхийлөгч Байден гуравдугаар сарын 25-ны Баасан гаригт Варшавт очих бөгөөд талууд Украин дахь хүмүүнлэгийн хямрал, хүний эрхийн байдлын талаарх АНУ болон түүний холбоотнуудын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм байна.
Ерөнхийлөгч Жо Байден өмнө нь АНУ-ын засаг захиргаа Украинд үзүүлэх цэрэг, эдийн засгийн тусламжаа нэмэгдүүлж байна хэмээн мэдэгдэж байсан юм. Мөн тэрбээр, Америкийн удирдагч санамж бичигт гарын үсэг зурж, Төрийн департаментад Украинд 600 сая долларын тусламж үзүүлэхийг даалгасны 350 сая нь батлан хамгаалахад зориулагдах гэж байгааг хэлж байсан юм.