Төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьж буй компаниуд үнийн өсөлтийг шийдвэрлэхгүй бол өлсгөлөн зарлах болсон талаар хэвлэлийн хурал хийж байна.
Барилгын компанийн төлөөллүүд: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил хийж байгаа компаниудын үйл ажиллагаа маш хүндрэлтэй нөхцөл байдалтай нүүр туллаа. Барилгын салбар 100 хувь хувьчлагдсан. Бид улсын ажлыг төсвийн хязгаартай хийдэг. Бидний ажил батлагдсан төсөвт өртөгтөө багтахаа больсон. Үнийн суурь өсөлтийн тарифыг шинэчилж өгөөгүйгээс болоод барилгын компаниуд алдагдалд ороод, ажил явуулах боломжгүй боллоо.
Тиймээс улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, спорт заал зэрэг барилгын ажлыг гүйцэтгэдэг 21 аймаг, 9 дүүргийн барилгын компанийн нэгдлээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нарт шаардлага хүргүүлж байна.
Тус компаниуд 200 саяаас 2.4 тэрбум төгрөгийн өрөнд орчихсон яваа хэмээн мэдэгдэж байна. Өнгөрсөн оны 10 сард Сангийн сайдад асуудлыг шийдвэрлэж, ирэх оны төсөвт шинэ барилга суулгахгүй, өмнөх оны асуудлыг шийдэх бодлого барьж өгнө үү гэсэн санал өгсөн ч шийдвэрлэж өгөөгүй гэж хэвлэлийн хурал хийж байгаа хүмүүс мэдэгдэж байна.