Ерөнхийлөгч Х.Баттулгыг хэлсэн үгэндээ эзэн болохыг шаардлаа

“Өргүй Монгол сонгогч” ард түмний хөдөлгөөн Ерөнхийлөгч Х.Баттулгыг хэлсэн үгэндээ эзэн болж ард түмний өрийг тэглэх амлалтандаа хүрэхийг шаардаж өнөөдөр мэдэгдэл хийлээ. Тус хөдөлгөөний зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулга, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нарт шаардлага хүргүүлхээр болсон байна.
Тэд шаардлагын хариуг ирэх сарын 1-ний өдөр өгөхгүй бол хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлэв. Энэ үеэр тус хөдөлгөөн Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан түүнийг Ерөнхийлөгчөөр сонговол өргүй болох юм байна гэсэн өөдрөг итгэлээр саналаа өгсөн. Ардчилсан нам өргүй болно гэж Монгол ялна гэсэн уриа дэвшүүлсэн ч амлалтаа хэзээ биелүүлэх нь тодорхойгүй байгаа тул дараах шаардлагыг хүргүүлж байгаа аж.
1.Ардчилсан намаас гаргасан ард түмний өрийг тэглэх тухай мэдэгдэлд “аливаа сонгууль бол улс төрийн намуудын хувьд хууран мэхлэлт, худал амлалт бус бодит ажил, бодлогын зөв шийдэл байх ёстой” гэж тодорхой бичсэн байдаг. Одоо энэ амлалт, бодлогын шийдлийг ард түмэндээ ажил хэрэг болгох цаг нь болсон.
2. Ардчилсан нам болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та амлалтандаа эзэн болж оюутны, малчны, цалингийн, тэтгэврийн зээлтэй 943 мянган иргэний 5.8 их наяд төгрөгийн өрийг хэзээ хэрхэн яаж барагдуулах талаар 2017 оны 08-р сарын 05-ны өдрөөс өмнө ард түмэнд тодорхой хариу өгч амлалтаа биелүүлнэ үү.
3.Өдөр хоног өнгөрөх тусам өрийн хүү нэмэгдсээр байгааг танд итгэж саналаа өгсөн Монголын нийт ард түмний өмнөөс сануулъя.
4. Тогтсон хугацаанд хариу өгч, тодорхой арга хэмжээ авахгүй бол бид хууран мэхэлсэн нам, худал амласан тантай хатуу хариуцлага тооцохоор тэмцлийн хурц хэлбэрт шилжихийг анхааруулья” гэжээ.