О.Цогтгэрэл: АН-ын даргын сунгаанд Ж.Батсуурь ялах ёстой, ах нар өс хонзонгоо үүрцгээгээд холд

2022-03-14 12:371min3
10140

УИХ-ын 2020 оны сонгуулийн дараанаас АН-ын хуваагдсан нэг хэсгийг толгойлж байсан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хэдхэн хоногийн өмнө хуваагдмал талаас зохион байгуулж байгаа АН-ын ээлжит бус Их хурал дээр явагдах гэж байгаа намын даргын сунгаанд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байсан юм.

Түүний мэдэгдлээс ердөө хоёр цагийн дараа О.Цогтгэрэлийн толгойлдог АН-ын хуваагдсан хэсгээс экс Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших гэж байгаагаа зарлааад байгаа. Энэ нь О.Цогтгэрэлийг Х.Баттулгыг дэмжиж байна, АН-ыг Х.Баттулгын гарт өгөх гэж байна гэсэн яриаг гаргасан бол О.Цогтгэрэл өнөөдөр тэс өөр байр суурь илэрхийлж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь АН-ын дарга болох ёстой хэмээн мэдэгдэв.

АН дотроо С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нарын нэгдэл, Х.Баттулгын нэгдэл, О.Цогтгэрэл тэргүүтэй УИХ дахь залуу гишүүдийн нэгдэл, С.Эрдэнийн түр даргаар томилсон М.Тулгатын нэгдэл зэрэг 4 хэсэг хуваагдсан болохыг харуулж байх шиг байна.О.Цогтгэрэлийн албан ёсны хуудастаа тавьсан байр суурийг хүргэж байна.

О.Цогтгэрэл: “Аливаа бүхэн цагтай” гэж ухаантнууд айлдсан нь бий. Ардчилсан намын уналт, сорилт шийдэгдэх цаг аль хэдийн болсон. Нам маань аль болох хурдан цэгцрэх нь зөвхөн бидний асуудал биш нийт Монголын төлөөх үйл хэрэг.

Намын даргын сунгаанд нэр дэвшигчид тодорлоо.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөгийн топ улстөрчдийн нэг. Түүнд Монголын төрд гүйцэтгэсэн гавьяа ч бий, гай ч бас бий. Нэгэнт улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүн хүртэл ажиллачихсан эрхмүүд талцал өрсөлдөөнд орох биш нэгдэл, нягтрал ойлголцлын төлөө явах ёстой гэж боддог.
Ийм учраас энэ сунгаанд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ялах ёстой. Тэгж байж АН эргэн нэгдэн, сэргэн бадарна. Надад Ж.Батсуурийгаа дэмжих бодит шалтгаанууд бий.
Би ардчиллын зарчим, хүний эрх, Үндсэн хуулийн үзэл санааны дагуу аливаа ялгаварлалыг дэмждэггүй. Гэхдээ АН-д өнөөдөр яалт ч үгүй үе солигдох ёстой. Би, зөвхөн би гэсэн анхдагч ах нарын талцал өнөөдөрт хүргэсэн. Тэд өш хонзонгоо үүрцгээгээд холдох ёстой.
Ж.Батсуурьт нөхөдтэйгээ хамтарч, цугтаа зүтгэж хүрсэн амжилтын түүх бий. Түүнийг би биш бид төвтэй удирдагч гэж итгэдэг.
Намайг өмнө нь дэвшихэд миний материалыг эргэлзээгүй бариад зогсож байсанд нь хүн ёсны хувьд, найзын хувьд би “өртэй”.
Миний найз миний чадаагүйг чадаасай, намаа нэгтгээсэй, Монголдоо хувь нэмрээ оруулаасай гэсэн хор шар, хүсэл мөрөөдөл надад, миний үеийнхэнд, нөхдөд маань бий. Төгс хүн гэж үгүй, олуулаа нийлж дутуугаа гүйцээж дундуураа дүүргэж байж амжилтанд хүрнэ.
Ж.Батсуурь эрхэм найз минь, улам хүчтэй зориглоорой, чамд ухрах зай байхгүй ард чинь Ардчилал, Ардчилсан намын хувь заяа харж байна.

3 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2022-03-14 12:51 at 12:51

    Батсуурь чадна. Одоо наад АН чинь хуучин удирдлагуудаасаа салахгүй бол сэхэхээ өнгөрлөө ш дээ. Батсуурь СБ аймгийг үе үеийн дарга нар хөгжүүлж чадахгүй байхад сэв хийтэл босгож чадсан хүн. АН ыг ч босгож эмхлэж чадна.

    Хариулах

  • Зочин

    2022-03-14 12:53 at 12:53

    Ёстой аймгийн хэмжээний улс төрч шүү дээ Батсуурь бол ..нөгөөдөх нь дэлхийн хүн дээ

    Хариулах

  • Зочин

    2022-03-14 19:36 at 19:36

    Цоггэрэл женкод хулхидуулчихаад ууртай байх нь аргагүй ээ

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй