Эдийн засагч Б.Лакшми itoim.mn ярилцлага өгчээ. Тэрээр өгсөн ярилцлагадаа Монгол Улсын гадаад валютын нөөц буурсан талаар ийнхүү хариулжээ.
-Аливаа улсын баталгаа нь алт, валютын нөөц байдаг. Эдийн засгаа тогтвортой байлгахад валют болон алтны нөөцийг сайн бүрдүүлэх хэрэгтэй. Валютын нөөцийн хамгийн чухал нь ам.доллар. Манай улсын дотоод үйлдвэрүүд хөгжөөгүй, хэрэгцээ, хүнсээ дотоодоосоо хангаж чаддаггүй. Энэ утгаараа гадаадаас ихэнх хэрэгцээгээ авдаг учир валютын хэрэгцээ маш өндөр. 2020 онд Монголбанкнаас эдийн засгаа тогтвортой байлгахад хэдий хэмжээний валютын нөөц хэрэгтэйг тооцож үзэхэд 6.0 тэрбум доллар гэсэн тоо гаргаж байсан. Одоо байгаа 3.5 тэрбум долларын нөөц бол хоёр дахин бага юм.
Мөн валютын нөөцөд нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл нь манай улсын гадаад өр. Гадаад өр, бондыг эргэн төлөхгүй, зөвхөн хүүг нь төлж явсаар үндсэн төлбөрөө төлж чадахгүй байна. Эргээд дахин санхүүжилт хийж, урд хормойгоо хойд хормойгоороо нөхөж байна. Зээл авч, бонд босгож байна гэдэг нь тэр мөнгийг хэрэглэхдээ ашигтай ажиллаж эргэн төлнө гэж авч байгаа. Гэтэл бид зээл авчихаад зээлээ үр өгөөжтэй ашиглахгүй, зээлийг зээлээр нөхөж байна. Мөн урт хугацааны алдагдсан боломж, гадагшаа урсгасан хүүгийн төлбөрийг тооцож үзэх ёстой. Энэ жилээс бид бондын өрийг төлж эхэлнэ. Энэ нь экспорт саарсан, эдийн засаг өсөхгүй байгаа энэ үед хамгийн том сорилтуудын нэг болно” гээд
“Эдийн засаг сэргэхгүй, эдийн засгийг сэргээх тал дээр Засгийн газар хангалттай арга хэмжээ авахгүй байна. Тиймээс цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Засгийн газар эдийн засаг сайн байх үед гадаадын хөрөнгө оруулагчиддаа зориулсан юу ч хийгээгүй шүү дээ. Гэтэл одоо цар тахал, дайнаас болж муудсан эдийн засгийг сэргээхэд гэнэт нэг сайн бодлого гаргаад сайн ажиллана гэж хүлээхгүй байна” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: itoim.mn