ЖАЙКА-гийн дэмжлэгтэйгээр “КАЙТ Монгол”, Эм Эм Си Жи хамтран Монголын стартап экосистемийн судалгааг анх удаа хийжээ. Судалгааны үр дүнг танилцуулах цахим уулзалт өнөөдөр боллоо.
Судалгаа хийхдээ технологийн стартапад тооцогдох 80 компанийн мэдээллийг цуглуулж, инкубаторууд, энэ салбарын судлаачид, төрийн албан хаагчдаас ярилцлага авчээ. Эдгээр компанийн дийлэнх нь сүүлийн гурван жилд байгуулагдсан байна.
“КАЙТ Монгол” компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Л.Болормаа судалгааны үр дүнг танилцуулав. Манай улсын технологийн салбарын 80 компанийн 43 хувь нь нийт 360 оюуны өмчийн патент эзэмшдэг. Гэвч оюуны өмчийн патент авахад удаан хүлээдэг (3-9 сар), шаардлагагүй бичиг баримт их шаарддаг гэжээ. Мөн оюуны өмчөө хамгаалуулах гэж бүртгүүлдэг ч хангалттай сайн хамгаалж чадахгүй байгааг онцолсон байна.
Гарааны бизнесийн эко систем буюу тогтолцоог бүрдүүлэгчид, тоглогчид хоорондын уялдаа холбоог тогтоох зорилготой асуултад компаниудын
- 66 хувь нь инкубаторуудтай,
- 48 хувь нь бусад гарааны бизнестэй,
- 44 хувь нь том компаниудтай,
- 30 хувь нь олон нийтийн байгууллагуудтай,
- 28 хувь нь их дээд сургуулиуд, судалгааны байгууллагатай,
- 26 хувь нь олон улсын байгууллагатай тус тус холбоотой ажилладаг гэж хариулжээ.
Оюуны өмчийн патент авахад амархан уу, та 1-10 хүртэл оноогоор дүгнэнэ үү гэж асуухад 4.3 гэсэн дундаж оноо өгсөн байна.
Та бүхэнд ямар бэрхшээл тулгардаг вэ гэж асуухад 63 хувь нь хүний нөөцийн дутагдалтай, сайн мэргэжилтэн олоход хэцүү гэжээ. Мөн санхүүжилт босгох, харилцагч олох, гадаад зах зээлд гарах, бүтээгдэхүүн хөгжүүлэхэд саад учирдаг гэсэн байна.
Нэг жилд нийт нэг тэрбум төгрөгийг тоног төхөөрөмж худалдан авахад нь зориулж өгдөг.
Инновацын тухай хуульд гарааны компаниудыг улсын болон орон нутгийн төсөв, Хөгжлийн банкнаас санхүүжүүлнэ гэж тусгажээ. Энэ нь буруу бөгөөд Хөрөнгө оруулалтын сангууд олширч, гарааны компаниудыг санхүүжүүлэх нь хамгийн зөв гэсэн байр суурийг Л.Болормаа захирал илэрхийллээ.
Судалгааны үр дүнд үндэслэн гарааны бизнесүүд олноор төрж, тэдгээр нь хэр зэрэг амжилттай байгаагаар тухайн улсын инновацын түвшинг хэмждэг. Манай улсын иргэдийн худалдан авах чадвар доогуур, жижиг зах зээлтэй зэрэг нь гарааны бизнес эрхлэгчдэд ч нөлөөлдөг байна.
Мэдээллийн технологийн, гарааны компанид ажиллагсдын дундаж цалин 2.3 сая төгрөг байна. Технологи суурьтай, гарааны бизнесүүдэд хамгийн боломжтой зах зээл нь Япон улс. Монголд япон хэлтэй залуус олон, Японы коосэн сургалтыг гурван сургуульд зааж байгаа зэрэг давуу талууд байгааг танилцууллаа.
Эдийн засгийн хөгжлийн яамны газрын дарга Д.Эрдэнэбаяр дараах мэдээллийг өгөв. “Бид Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран гарааны компаниудад буцалтгүй тусламж олгодог. Нэг жилд нийт нэг тэрбум төгрөгийг тоног төхөөрөмж худалдан авахад нь зориулж өгдөг. Сургалт явуулан, буцалтгүй тусламж авах ААН-үүдээ сонгон шалгаруулдаг. Туршилтын журмаар энэ төслийг хэрэгжүүлдэг” гэсэн юм.
ЖАЙКА-г төлөөлөн цахим хуралд оролцсон төлөөлөгч Японы засгийн газар гадаад зах зээлд нэвтрэх боломжтой гэж үзсэн 100 гарааны компанийг сонгон авч, тэдгээрт олон талын дэмжлэг үзүүлсэн талаар танилцуулав. Тэрээр монголын гарааны бизнесийн компаниудад амжилттай ажиллах бүрэн нөөц бололцоо бий гэсэн юм.
Цахим хуралд оролцогчид төр гарааны компаниудыг татвараас чөлөөлөх замаар дэмжих, Инновацын хуулийг өөрчлөх, гарааны бизнесийн эко системийг зөв бүрдүүлэхэд төр манлайлах шаардлага байгааг онцлов. Мөн Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон БШУЯ-ны чухам аль нь гарааны бизнесүүдийг дэмжин, хамтран ажиллах нь тодорхойгүй байгааг шийдэх, старт апын өгөгдлийн сантай болох, төрийн албан хаагчдын энэ талын ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай гэв.
БШУЯ-ны харьяа Шинжлэх ухаан, технологийн сан гарааны бизнесүүдийг дэмжин, санхүүжилт олгодог. Ингэхдээ Инновацын хуульд заасан тодорхойлолтын дагуу 27 гарааны бизнест л санхүүжилт өгөх боломжтой гэх мэт хуулийн хязгаарлалтууд байсаар байна.
Мөн Инновацын хууль, Улсын төсвийн хуультай зөрчилддөгийг засах, инновацын тэргүүлэх чиглэл, салбараа нэн тэргүүнд тогтох хэрэгтэй гэсэн юм. Үүнийг шийдсэнээр төрөөс ямар бүтээгдэхүүнийг санхүүжүүлэх нь тодорхой болох аж.