Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 хэргийг илрүүлж, 51 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар торгуулийн шийтгэл оногдуулжээ. Мөн автомат тоглоомын ширээ, жетон, хөзөр, бэлэн мөнгө, компьютер зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүд нь бусдын орон байрыг урт хугацаагаар түрээслэн, мөрийтэй тоглоом, хууль бус үйл ажиллагаа зохион байгуулах тохиолдол гарч байгаа тул иргэд та бүхэн бусдад түрээслүүлсэн орон сууц, объектуудад тогтмол хяналт тавих, мөн интернэт банк болон банкны картаа бусдад ашиглуулахгүй байхыг Эрүүгийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Дашрамд дурдахад, мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглох үйлдлийг зөрчил гэж үзэн, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж байсан бол 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалттай болсон юм.
Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд:
- Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн тус тус заажээ.
1 comment
Zunduu l aldsan shde butsaad oloh gd dahial togolson hunees zeeleed toglolson ornii hool bolson. Amidral duusch bna sda