АН-ын С.Эрдэнийн толгойлсон хэсэг намын ээлжит бус 13 их хурлаа өнгөрсөн амралтын өдрүүдэд зарласан бол О.Цогтгэрэлийн тал Ардчилсан намын ээлжит бус их хурал ирэх сарын 7-нд хийхээр товлоод байгаа.
Энэхүү хурлаар намын даргаа батламжилж, намын дүрэмдээ өөрчлөлт оруулах болон бусад асуудлуудыг хэлэлцэнэ хэмээн зарласан УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшихгүй гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.
Тэрбээр “Бүтэн ардчиллын төлөө Ардчилсан намын даргын шинэ сунгаанд нэр дэвшихгүй байхаар шийдлээ. Зөрчил, талцлын зөрүү ойлголтууд засагдаж, Ардчилсан нам нэгдмэл, нэгдсэн байгаа юм байна гэдгийг Улсын дээд шүүх нотолж, иргэд, гишүүд ч ойлгож байна.
Асуудал бүхний өмнүүр орж, арга болгоны эвийг олж, намаа бүтэн болгох гэж өнгөрсөн нэг жилийн хугацаанд анхан, дунд шатны нам, намын гишүүдтэйгээ тулж ажилласан “үнэмлэхүй” давуу тал бий учраас миний бие энэхүү сунгаанаас нэрээ татаж, бусдадаа боломж олгоё.
Ялдаг, эрх барьдаг, хуваагдалгүй нам байхын тулд, эгэл жирийн 200 мянга гаруй гишүүдийнхээ эрх ашгийн төлөө энэхүү шийдвэрийг гаргаж буйг эрхэм гишүүд, дэмжигчид та бүхэн минь ойлгон, хүндэтгэн хүлээж авна уу.
Цаашид Ардчилсан намынхаа үйл хэрэгт урьдын адил идэвхийлэн оролцож, Монголын ардчиллыг бүтэн болгохын төлөө, Монголын Ардчилсан намыг бүрэн ялуулахын төлөө өөрөөс хамаарах бүхнээ хийж ажилласаар байх болно” хэмээжээ.