Орос, Украины нөхцөл байдлаас шалтгаалан доллар ховордож байгаа тухай яриа дуулдах болов. Өнөөдөр NEWS мэдээллийн сайт Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулга авч, “ОХУ, Украины асуудлаас үүдэж ам.доллар олдохгүй байгаа асуудал үүссэн. Энэ талаар Засгийн газрын хуралдаанаар яригдсан уу” гэсэн асуултад хариулт авчээ.
Сангийн сайд Б.Жавхлангийн мэдэгдсэнээр: Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр үүнийг хэлэлцсэн. Үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор нөөцийг барих бодлого баримтлах нь тодорхой. Төв банкнаас өгсөн мэдээллээр гадаад валютын 2-3 сарын импортыг санхүүжүүлэх нөөцийг хэвийн нөөц гэж үздэг. Одоогийн байдлаар нөөц хангалттай бий.
Төв банкнаас ямар ч чиглэл өгч, хязгаарлалт хийх мэдэгдэл гаргаагүй. Арилжааны банкуудад чиглэл өгөхдөө гадаад худалдааны гэрээ, төлбөр төлөх гэрээтэй тохиолдолд арилжааг чөлөөтэй явуулна.
Харин бусад тохиолдолд хязгаарлах зүйл арилжааны банкуудад гарч байна. Иргэд долларжих хүсэлтэй байгаа учраас арилжааны банкууд хязгаарлаж байгааг үгүйсгэхгүй. Төв банк гадаад худалдааны санхүүжилт, алтны худалдаа зэргээс нөөц бүрдүүлдэг.