Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт баригдах 37.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын нээлт 3-р сарын 4-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон БОАЖЯ-ын Дэд сайд Г.Түвдэндорж, “Хөвсгөл нуурын баруун эрэг дагуух одоогийн хайрган хучилттай замыг хатуу хучилттай болгон сайжруулснаар замын тоосжилтыг 4-7 дахин бууруулах, нуурын усны болон орчны бохирдол, нуурын орчимд олон салаа замаар хяналтгүй зорчих байдлыг багасгах, дотоод, гадаадын аялагч, жуулчдын тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх давуу талтай, томоохон бүтээн байгуулалт болно” гэлээ.
Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 2022-2023 онд:
- Хатгалын төв замыг Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн авто замтай холбох 2 км хатуу хучилттай авто зам барих
- Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км хатуу хучилттай авто зам барих
- Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км хатуу хучилттай авто зам барих
- Хатгал орчмын 7 байршилд авто зогсоол барих
- Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хоёр чиглэлд явган болон морин аяллын жим тохижуулах ажлуудыг хийж гүйцэтгэх юм.
Эдгээрээс, 2022 онд Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км хатуу хучилттай авто замыг иж бүрэн барьж, ашиглалтад оруулна. Дээрх авто замуудын зураг төслийг боловсруулахдаа тухайн бүс нутгийн байгаль, цаг уурын онцлогт тохируулан олон жилийн мөнх цэвдгийг хөндөхгүй байх, түүнийг хамгаалах зорилгоор замын нийт уртад ухмал төлөвлөөгүй бөгөөд Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн авто замын төгсгөлийн 4.1 км-т мөнх цэвдгийг хамгаалахын тулд технологийн онцлог шийдэл болох замын хучилтаас ирэх дулааныг доош дамжуулахгүй байх зориулалтаар гео-нэхмэл болон гео-торлог хязгаарлагчийг ашиглахаар төлөвлөсөн.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр авто замын бүтээн байгуулалтын ажилд өдөр тутмын техник, технологийн хяналт тавьж ажиллах төслийн Авто замын зураг төсөл, хяналтын зөвлөх баг “Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа” ХХК-ийн ерөнхий инженер, Хяналтын багийн ахлагч П.Дэмүүлэн “Хөвсгөл нуурын баруун эрэг дагуух газар нутаг нь барилгын ажил гүйцэтгэхэд хүндрэлтэй, экологийн хувьд эмзэг, мөнх цэвдэгтэй бүс нутагт хамаарна. Иймд мөнх цэвдгийг зам барилгын ажлын нөлөөллөөс хамгаалах зорилгоор Монгол Улсад анх удаа гео-нэхмэл ба гео-торлог хязгаарлагчийг ашиглах бөгөөд энэхүү шинэ технологийг туршин, улмаар манай улсад нутагшуулах чухал ач холбогдолтой” болохыг онцоллоо.
Төслийн авто замын гүйцэтгэгч “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК-ийн төслийн менежер Цуй Ан Ган “Зам барилгын ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, ашиглалтад хүлээлгэж өгөх болно” гэв.