Экспортод 1180.2 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.6 хувиар буурсан байна. Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 849.9 сая ам.доллар буюу 72.0 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 259.1 сая ам.доллар буюу 22.0 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 52.0 сая ам. доллар буюу 4.4 хувь; үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 7.3 сая ам.доллар буюу 0.6 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 99.0 хувийг эзэлжээ.
2022 оны эхний 2 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100.0 хувь, чулуун нүүрсний 93.1 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 100.0 хувь, самнасан ноолуурын 88.0 хувийг Итали-д; ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 73.5 хувийг эзлэж байна.