“Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн ээлжит дугаарт Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг оролцжээ. Тэрээр сангийнхаа талаар мэдээллийг олон нийтэд хандан яриандаа дурьдсан байна. Тус сан өнөөдрийн байдлаар 100 орчим тэрбум төгрөгийн нөөц байгаа боловч иргэдийн дунд хангалттай мэдлэг, мэдээлэл байдаггүй тул энэ зээл эзэндээ очиж чадахгүй гацаанд орсон гэдгийг хэлж байлаа. Иймээс “Зээлийн батлан даалтын сан”-гаас зүгээс үйл ажиллагаагаа сурталчлах ажлыг эрчимжүүлж эхэлсэн аж.
Зээлийн батлан даалтын сан 2012 онд Зээлийн батлан даалтын тухай хууль батлагдаж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Байгуулагдсан цагаасаа эхлэн 1000 гаруй иргэн, аж ахуйн нэгжид зээл олгосон байна. Энэ нь Монгол Улсад цор ганц байдаг энэ төрлийн сангийн хувьд чамлахааргүй тоо гэж үздэг. Гэвч сүүлийн хоёр жилд тус сангаар үйлчлүүлэгчдийн тоо эрс буурчээ. Учир нь Цар тахлын үед зээл авах сонирхолтой хүмүүсийн тоо багасахаас гадна, 2019 онд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай хууль шинээр батлагдаж, Зээлийн батлан даалтын сангаас зөвхөн аж ахуйн нэгжүүд л зээл авах боломжтой хуулийн заалт орсон юм. Үүнээс өмнө Зээлийн батлан даалтын сангийн үйлчлүүлэгчдийн 47 хувь нь иргэд байв. Эдгээр иргэдэд дахин үйлчилгээ үзүүлэхийн тулд Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэж тус сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг хэллээ.
Мөн хамтран ажилладаг банк, санхүүгийн байгууллагуудын эдийн засагч, холбогдох ажилтнуудыг мэдээллээр хангах нь чухал байгаа юм. Ингэж чадаагүйгээс үйлчилгээ авахаар зорин очсон иргэд буруу мэдээлэл авах эрсдэлтэй байдаг гэдгийг онцлов.
Зээлийн батлан даалтын сан дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд санал болгодог. Үүнд:
- Үндсэн батлан даалт
- АХБ-ны эх үүсвэртэй батлан даалт
- Ажлын байр дэмжих зээл
- Банк бус санхүүгийн байгууллагын батлан даалт зэрэг орно.