Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагын майл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т, Ө-49°32’42.89”, У-103°50’12.28”/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 7-ны өдрийн 16:35 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид “Зэд-Хантай-Бүтээлийн нуруу”-ны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, мөн өдрийн 19:52 цагт цурамд оруулсан.
Ингээд гуравдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагт бүрэн унтраасан байна. Түймэрт урьдчилсан байдлаар 15 орчим га талбай шатжээ.
Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн “Бор-Өндөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 28 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 8-ны өдрийн 13:47 цагт хүлээн авсан байна.
Тус сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж мөн өдрийн 15:12 цагт бүрэн унтраажээ. Түймэрт урьдчилсан байдлаар 3 орчим га талбай шатсан байна.
Эх сурвалж: ОБЕГ