Сүүлийн үед эрчим хүчний үнэ тариф нэмэгдсэн гэдэг үндэслэлгүй мэдээлэл гарч байгаа учраас Эрчим хүчний зохицуулах хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Энэ үеэр орон сууцны айл өрх 41,300 төгрөг, 350 кВт.ц гэр хорооллын айл өрх 58,300 төгрөгийн цахилгааны төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ гэдгийг онцоллоо. Тодруулбал, Коронавируст халдварын цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах, айл өрхийн амьжиргааны өртгийг бууруулах, санхүүгийн бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед айл өрхөд дэмжлэг үзүүлэх тухай” 410 дугаар тогтоол гарсан.
Энэхүү тогтоолын хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд
- орон сууцны айл өрхийн сард хэрэглэсэн 250 кВт.ц хүртэл,
- гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.ц хүртэл айл өрхийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцаж байна.
Монгол Улсын хэмжээнд 696 мянган цахилгаан эрчим хүч хэрэглэгч айл өрх байгаагаас нийслэл хотод 392 мянган айл өрх, орон нутагт 304 мянган айл өрх хөнгөлөлтөд хамрагдах ба орон сууцны айл өрхийн 78 хувь, гэр хорооллын айл өрхийн 75 хувь нь төлбөрөө төрөөс бүрэн төлүүлэх боломжтой.
Энэхүү төлбөрийг төрөөс хариуцан төлөхөд урьдчилсан дүнгээр 72.1 тэрбум төгрөгийг /төрөөс/ хариуцан ажиллахаар байна.
Ингэснээр цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцан төлөх хугацаанд сард 250 кВт.ц хэрэглээтэй орон сууцны айл өрх 41,300 төгрөг, 350 кВт.ц хэрэглээтэй гэр хорооллын айл өрх 58,300 төгрөгийн цахилгааны төлбөрийн хөнгөлөлт эдлэхээр байгаа аж.
Мөн гэр хорооллын айл өрхүүд 2021 онд 23.6 тэрбум төгрөгийн шөнийн тарифын хөнгөлөлт эдэлжээ.
Монгол Улсын Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэл хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 2017 онд 6.2 тэрбум төгрөг, 2018 онд 9.8 тэрбум төгрөг, 2019 онд 13.0 тэрбум төгрөг, 2020 онд 18.1 тэрбум төгрөг, 2021 онд 23.6 тэрбум төгрөгийн тус тус хөнгөлөлт үзүүлээд байна.
Эх сурвалж: Эрчим хүчний зохицуулах хороо