Одоогоос 2 жилийн өмнө буюу 2015 оны 7-р сард ОХУ-ын парламентийн дээд танхим буюу Холбооны зөвлөл тус улсын үндэсний ашиг сонирхол, үнэт зүйлд хор хохирол учруулж буй гадаадын байгууллагуудын хар жагсаалтыг баталж, олон нийтэд танилцуулж байжээ. Энэ жагсаалтанд олон улсын 12 ТББ багтсан юм.
Холбооны зөвлөл дээрх хар жагсаалтыг ОХУ-ын Гадаад хэргийн яам, Дотоод хэргийн яам болон Прокурорын ерөнхий газарт хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын Гадаад, Дотоод хэргийн яамд болон хүчний байгууллагууд тэрхүү хар жагсаалтад орсон гадны байгууллагуудыг анхааралдаа авч хянаж байна.
Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко Оросын төрийн байгууллагуудад хандан “өнөөдөр Орос улс сүүлийн 25 жилд үндэсний сонирхол, үнэт зүйл, институтуудыг нь онилсон хамгийн хүчтэй дайралттай тулгараад байна. Үүний гол зорилго бол улс орны дотоод нөхцөл байдалд нөлөөлж, манай ард түмний эх оронч эв нэгдлийг сулруулж, манай орныг геополитикийн хувьд тусгаарлах юм” гэж хэлсэн байдаг.
Оросын парламентаас баталсан хар жагсаалтанд дараах ТББ-ууд багтсан байна:
- Соросын сан буюу Нээлттэй нийгмийн хүрээлэн
- Ардчиллын төлөөх үндэсний тусламжийн сан
- Олон улсын бүгд найрамдахчуудын хүрээлэн
- Үндэсний ардчиллын хүрээлэн
- МакАртурын сан
- Эрх чөлөөний өргөө
- Чарльз Стюард Моттын сан
- Ардчиллыг байгуулах боловсрол
- Зүүн Еюропын ардчиллын төв
- Дэлхийн украйнчуудын конгресс
- Дэлхийн украйнчуудын нэгдсэн зөвлөл
- Хүний эрхийн Крымийн салбарын элч
Жич: Дээрх жагсаалтад Монголд олон жил үйл ажиллагаа явуулж буй Соросын сан буюу Нээлттэй нийгмийн хүрээлэн, Олон улсын бүгд найрамдахчуудын хүрээлэн, Эрх чөлөөний өргөө зэрэг байгууллагууд багтсан байна.
Эх сурвалж: RT.com