Монгол Улсын агаарын орон зайгаар Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын үед өдөрт дунджаар 150 агаарын хөлөг өнгөрч байсан. Өнгөрсөн 7 хонот эргэж өсөөд 200 орчим агаарын хөлөг дамжин өнгөрсөн боловч сүүлийн 2-3 хоногт 110-120-ын хооронд, дамжин өнгөрөх нислэг өнгөрч байна. Ер нь сүүлийн 7 хоногоос 50 орчим хувиар эргээд буурчээ.
Олон улсын байгууллагууд агаарын орон зайд хязгаарлалт хийж байна. Монгол Улс бол Ази-Европыг холбосон агаарын замд байдаг учраас дамжин өнгөрөх нислэгийн тоо эрс цөөрч байна. Манай агаарын зайгаар дамжин өнгөрөх нислэгийн тоо цаашид 78 хувиар буурах эрсдэлтэй байна гэж бид үзэж байгаа.
Монгол Улс хоёр их гүрний дунд оршдог. Агаарын орон зайн хувьд нээлттэй хэвээрээ байгаа. Мэдээж, агаарын тээврийн компаниудын нислэгийн үйл ажиллагаанаас хамаараад бид навигацийн үйлчилгээ үзүүлж байгаа. Агаарын тээврийн компаниуд нислэг үйлдэж байгаа тохиолдолд бид аюулгүй байдлыг нь хангаад Монгол Улсын агаарын зайд навигацийн үйлчилгээ үзүүлээд явах бүрэн боломжтой байж байгаа.
2022 оны Монгол Улсын төсвийн бүрдүүлэлт дээр ИНЕГ навигацийн орлогоос 150 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой байгаа. Хэдийгээр Ковидын нөхцөл байдал хүнд, Монгол Улсын агаарын зайгаар нисэн өнгөрч байгаа нислэгийн тоо 50 орчим хувиар буурсан байгаа ч гэсэн, хэрвээ дайны нөхцөл байдал үүсээгүй бол агаарын орон зайн багтаамжаа нэмэгдүүлж, агаарын тээврийн компаниудтай хамтын ажиллагаагаа сайжруулаад орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа гэж өнөөдөр ИНЕГ-ын дарга С.Мөнхсайхан сэтгүүлчдэд мэдээлэв.