Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Баян-Өлгий, Ховд аймаг ажилласан. Энэ хүрээнд Баян-Өлгий аймгийн Бураатын давааны авто замын нөхцөл байдалтай танилцсан байна.
Тус аймгийн Бураатын даваан дээр хөрсний цэвдгээс шалтгаалан 700 орчим метр хатуу хучилттай авто замд эвдрэл гарчээ. Тухайн замын тодорхой хэсгүүдэд өвөл хөлдөж овойн зуны улиралд цэвдгийн гэсэлтийн суулт өгснөөс зам эвдэрч, зорчих хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхөөр болсон байна. Тиймээс Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын төсөл, зөвлөх болон үндсэн гүйцэтгэгч компанийн хүсэлтээр ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрдэмтэд судалгаа хийж авто замын гүйцэтгэгч компанитай хамтран цэвдэгтэй хэсгийг зуны улиралд гэсгээхгүйгээр хүйтэн байлгах технологи нэвтрүүлж байна.
ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Я.Жамбалжав, Замын гадарга, ялангуяа асфальт-бетон гадарга нь нарны энергийг өөртөө шингээж улмаар доошоо гүн рүүгээ дулаан дамжуулснаар түүний доорх цэвдгийг тодорхой хэмжээнд гэсгээхэд хүргэнэ. Ингэж цэвдэг гэссэнээр түүнд агуулагдах мөсжилтийн хэмжээнээс хамаарч авто замын гадарга дээр хотойлт суулт үүсдэг.
Бураатын даваа орчимд замын эвдрэлтэй хэсгүүдийн шалтгааныг тодорхойлох, замын далангийн хэсгүүдийг эвдрэлээс сэргийлэх арга, аргачлал, зөвлөмж боловсруулах судалгааны ажлын хүрээнд геофизикийн цахилгаан хайгуул, өрөмдлөг, хөрс чулуулгийн дээжлэлт, цооногийн температурын хэмжилт, тайланг 2021 оны зун хийсэн. Дээрх судалгаа шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлаж цэвдгийн гэсэлтэд хүчтэй өртөж хотойлт суулт өгсөн хэсгүүдэд цэвдгийн гэсэлтийг зогсоох аргуудын нэг болох термосифон хоолойнуудыг өнгөрсөн оны 10-12 дугаар сард суурилуулсан талаар Зам, тээврийн хөгжлийн сайдад танилцууллаа.
ЗТХ-ийн сайд Л.Халтар, гүйцэтгэгч компанид улсын баяр наадмын өмнө хөргөлтийн тоног төхөөрөмж суурилуулсан 700 гаруй метр газрын хучилтыг хийж дуусгахыг үүрэг болголоо. “Монголд цэвдэгтэй газар маш олон байдаг. Тухайн үедээ далан муу хийгдсэн хэмээн үнэлээд шороогоор сольдог ч байдал дээрддэггүй. Тиймээс Я.Жамбалжав доктор энэ технологио салбарын шинжлэх ухааны зөвлөл дээр замын болон зам, засвар арчлалтын компаниудыг байлцуулан танилцуулаарай” гэв.
Термосифон хоолой нь хөргөх төхөөрөмж бөгөөд агаарын температур хөрсний температураас хүйтэн болсон үед хүйтнийг хөрсний гүнд хормын төдийд хүргэдэг. Хоолойн битүүмжлэл алдагдахгүй тохиолдолд, өвөл болдог бүх бүс нутагт ямар нэгэн нэмэлт эрчим хүч шаардагдахгүйгээр хэдэн арван жил ажиллах боломжтой. Термосифон хоолой нь өвлийн хүйтэн жавраар ажилладаг, сэргээгдэх эрчим хүч ашигладаг төхөөрөмж юм. Хэд хэдэн төрлийн термосифон хоолой байдаг бөгөөд Бураатын даваа орчимд налуу болон гогцоо хэлбэрийн хоолойг суурилуулжээ. Ингэснээр тухайн замын доорх цэвдгийг гэсгээхгүй барих боломж бүрдэж байна.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам