Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарын албаны төлөөлөл (2022.03.01) Өвөрхангай аймагт ажиллалаа.
Өвөрхангай аймаг нь 2022 оныг “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах” жил болгон зарлажээ. Энэ хүрээнд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж эхлээд байна. Тус аймаг “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Ойн салбарын чуулганаа энэ сарын 11-нд хийхээр төлөвлөжээ.
Түүнчлэн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сав газрын захиргаад, ойн анги зэрэг байгаль орчны чиглэлээр ажилладаг ажилтан, албан хаагчидтай уулзалт хийсэн юм.
Уулзалтын үеэр байгаль орчны салбарынхан “Ойн ангиудын орон тоог нэмэгдүүлэхгүйгээр ажиллах нөхцөл бүрдэхгүй байна”,
“Байгаль хамгаалагч нарын цалин, зэрэг дэв, албан тушаалын шатлал, ажлын байрны тодорхойлолтыг сайжруулах”,
“Ус цаг уур орчны шинжилгээний газарт анхаарахгүй бол тоног төхөөрөмж хуучирсан, шинэ хөрөнгө оруулалт ойрын жилүүдэд хийгдээгүй, гамшгийн нөхцөл үүсвэл илүү эрсдэл үүснэ”,
“Уул уурхайгаас үүдэн эвдэрсэн газар нутгийг нөхөн сэргээхгүй бол удаан хугацаанд хаягдсан байдалтай байгаа ба холбогдох аж ахуйн нэгжүүдийг олж нөхөн төлбөр гаргуулах шаардлагатай байгаа”,
“Монгол даяар томоохон гол мөрөн дагуу архины лааз шил, ус ундааны сав ихээр хаягдаж байна. Байгаль хамгаалагчид хог түүж, цэвэрлэдэг боловч хэдэн мянган хүний урсгал бий болоход хаана ч хүрэлцдэггүй. Иймээс архины шилийг буцааж үйлдвэрт нь өгдөг, худалдаж авдаг үнийг нь нэмэх зохицуулалт хэрэгтэй байна”,
“Байгаль хамгаалагч нь хүрээлэн буй орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн эсрэг ажилладаг. Нэг талаар гэрч, нөгөө талаар хохирогчоор оролцогдогоороо шүүх хуралд оролцдогоороо онцлогтой. Гэвч хуулиар олгосон эрх мэдэл нь бага. Хэрэгт ашигласан эд зүйлийг ч хурааж авах эрхгүй. Алсдаа аливаа хэргийн талаар утсаар мэдээлэл өгдөг хүн болох вий. Тиймээс мэргэжлийн хяналтын байцаагчийн адил улсын байцаагч болгож өгөх боломж бий юу”,
“Байгаль хамгаалагчдын дүрэмт хувцасны загварыг баталж өгөх хэрэгтэй байна. Тогтсон хувцасгүй, өөр өөрсдийнхөөрөө л хувцаслаж байна” гэх мэтээр санал, хүсэлтээ хэлж байв.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ
“Алтны олборлолттой холбоотой анализ, судалгаа хийх цаг болсон юм билээ. Байгалийн нөхөн сэргээлт хийгээгүй хүмүүсээр нөхөн сэргээлтийг нь хийлгэнэ. Алт бол нүүрс, зэс биш. Тийм болохоор цаашдаа алт олборлолтын асуудал дээр хэрхэн хандах талаар судалж, бодлого гаргах хэрэгтэй байгаа.
Шил, лаазтай холбоотой асуудлаар үүрэг өгсөн. Буцаан худалдан авалттай холбоотой асуудал бий. Түүнчлэн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын тусгай зөвшөөрлийг сунгахдаа гаргаж байгаа шил, лаазныхаа 60-аас доошгүй хувийг буцаан авах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Хог хаягдал болохоос гадна мал, амьтны туурайнд орох, намар хавар гал түймэр гарах зэрэг олон хортой үр дагавар дагуулж байна шүү дээ. Тэгэхээр шилээ буцааж авах менежментээ компаниуд өөрсдөө шийдэх байх гэж бодож байна.
Мэргэжлийн хяналтын байцаагч байгаль хамгаалагчийн өгсөн мэдээллээр хэрэг бүрдүүлээд шилжүүлдэг. Ингээд хуулийн байгууллагад нөгөө хэрэг очихоор цагдаа нар байгаль хамгаалагчийг гэмт хэрэгтэн шиг дуудаж, суулгаж байдаг байдал хэвээрээ юм билээ. Би ЦЕГ-ын дарга бусад хүмүүстэй уулзая гэж бодож байгаа. Хэрэгтэй бол өөрсдөө ирээд мэдээллээ авдаг болог. Эсвэл улсын байцаагч болгоё. Тэгэхгүй бол зааг ялгаатай байдал үргэлжилж байгаа, цаашдаа ч үргэлжилнэ. Дүрэмт хувцасны тухайд КfW төслөөс дүрэмт хувцасны загвар гаргаж, ханган нийлүүлэлт хийж өгье гэсэн асуудлыг ярьж байна лээ” гэсэн юм.