Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 2021 онд зөвхөн барилга, барилгын үйл ажиллагаатай холбоотой нийт 1087 өргөдөл, гомдол иржээ. Ирэх дөрөвдүгээр сараас барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажил эхэлж буйтай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын А/987 дугаар захирамжийг үндэслэн, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан “Онлайн бизнес төв” цахим системээр нийслэлээс үзүүлж буй барилга байгууламжтай холбоотой үйлчилгээнүүдийн шат дамжлагуудыг багасгаж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад авлига, хүнд суртал үүсгэхгүйгээр цахимжуулах шаардлагатай болжээ.
Нийслэлээс иргэн, хуулийн этгээдэд олгож буй барилга байгууламжийн үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй нийт 42 үйлчилгээ байдаг. Тус үйлчилгээнүүдтэй холбоотой иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь архитектур төлөвлөлтийн даалгавар авахаас эхлэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах, комисс ажиллаж хүлээн авах хүртэл 12 төрлийн үйл ажиллагааны дараалал, шат дамжлагын дагуу 381 төрлийн бүрдэл бичиг баримт бүрдүүлдэг байна.
Эдгээрийг задалбал, давхардсан тоогоор 600 гаруй бичиг баримт бүрдүүлдэг тул эдгээр үйлчилгээг цахимжуулах ёстой гэж Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва мэдэгджээ.