Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ (2022.03.01) Баянхонгор аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, ойн анги болон сав газрын захиргаадын ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ. Мөн энэ үеэр БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа Баянхонгор аймгийн Ойн ангид мод үрсэлгээ, үржүүлгийн чиглэлээр ажиллуулах хүлэмж өгөхөөр болсон тухайгаа мэдэгдлээ.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ тус аймгийн хэмжээнд уул уурхайн улмаас газар сүйдэж байгаа асуудлыг анхааралдаа авч ажиллаж байгаагаа дурдаад цаашид Баянхонгор аймгийн хэмжээнд алт ухуулахгүй гэдэг байр суурьтай байгаагаа хэлсэн юм.
Тэрбээр “Хариуцлагагүй, замбараагүй уул уурхайгаас шалтгаалан Мазаалай зэрэг ховор амьтны оршин байх газар нутаг хумигдаж байна. Малчдын бэлчээрийг булааж аваад уул уурхайнханд өгчихдөг. Ийм байдал цааш үргэлжлэхгүй. Энэ байр сууриндаа хатуу байна гэдгээ Ерөнхийлөгчид хэлж байгаа. Хариуцлагагүй уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг цуцална. Цаашид Баянхонгор аймгийн хэмжээнд уул уурхайн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгохгүй байх чиглэлээр ажиллана. Шаардлагатай бол тодорхой газар нутгуудыг тусгай хамгаалалтад авна” гэсэн юм.
Мөн тэрбээр цөлжилтийн 49 хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой байгааг дурдаад цаашид дотоод, гадаадын жуулчид дурын газраараа давхидаг, дуртай газраа хог хаядаг байдлыг журамлана. Жуулчны баазууд руу тал бүрээс нь давхиж очдог, бэлчээр нутаг талхалдаг байдлыг хязгаарлаж, нэгдсэн зам харгуйтай болгох шаардлага тавина гэдгээ хэллээ.
Түүнчлэн аялал жуулчлалын салбарт стандарт мөрдүүлэхээс гадна аймгийн төвүүдийн нисэх онгоцны буудлыг сайжруулах, хөгжүүлэх шаардлагатай байгааг тодотгоод үүнд шаардлагатай төсөв, хөрөнгийг гаргах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Тэрбээр “Зөвхөн Улаанбаатар хотод жуулчин ирдэг. Тэгээд наашаа 600 км газар машинаар явахаас төвөгшөөдөг байдалтай хэвээрээ байвал аялал жуулчлал санасан хэмжээнд хөгжихгүй. Вьетнам, Японоос жуулчин шууд л аймгийн онгоцны буудал дээр буудаг болох ёстой. Ингэж байж аялал жуулчлал цогц утгаараа хөгжинө” гэж тодотгож байлаа.
“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн талаар хэлсэн үгэндээ “Байгаль орчны салбар дээр эрдэмтэн судлаачдын үгийг сонсоно. Улсын хэмжээнд хөрсний судалгааг бид яаралтай хийлгэнэ. Хоёрдугаарт, эдийн засгийн үр ашигтай мод тариалалтын асуудлыг хөндөх ёстой. Нөгөө яриад байдаг жимс, жимсгэний мод, ховор ургамал үүнд багтах юм. Ингэж “Тэрбум мод” хөтөлбөрийн , ногоон байгалиа хамгаалах асуудлыг шийднэ. Мөн бид байгаа ойгоо бас хамгаалах учиртай. Өнөөдөр 1.1 тэрбум модыг хортон шавжаас хамгаалах ажлыг хийхгүй бол сүйрэх дээрээ тулсан байна. Энэ асуудал дээр Ерөнхийлөгчийн Тамгын газартай нягт хамтарч ажиллана” гэв.
“Аливаа ёс зүй хийгээд албан тушаалын хувьд асуудал гаргасан, авлигатай орооцолдсон албан тушаалтныг даруй чөлөөлнө. Дээр нь бид тухайн албан тушаалтантай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагад явуулна. Тиймээс энэ бүгдээс та бүхэн ангид байгаарай гэж хүсэж байгаа юм. Нөгөө талдаа шаардаж байгаа” хэмээн тодотгосон юм.
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан “БОАЖ-ын сайд холбогдох албаныхантайгаа ирлээ. Энэ явдал Баянхонгор аймагт байгаль орчны чиглэлээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, зарим асуудлыг ойлгомжтой болгоно гэж найдаж байгаа. Би Б.Бат-Эрдэнэ сайдтай санал нэг байна. Бидний байгаа нөхцөл бүх талаараа л байгаль орчны эсрэг болчхоод байна.
Уул уурхайтай холбоотой асуудал олон гарсан. Цаашдаа уул уурхайн асуудал дээр ийм байдалтай байх юм бол больё гэж байгаа юм. Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийхийг хуульчилсан байдаг. Гэтэл бид баахан овоолсон чулуу, цагаан шороо, эргэсэн хөрстэй үлдлээ. Өнгөрсөн 25 жил энэ олон байгаль орчны байгууллагууд байсан.
Гэвч одоо танд нэг таагүй юм дуулгахад бидэнд биологийн нөхөн сэргээлт хийсэн нэг ч га газар алга. Таны саналыг бүрэн дэмжиж байна. Баянхонгорт маш их хайгуулын лиценз хүссэн хүсэлт ирж байгаа. Сүүлийн 1.5 жилд нэгийг нь ч дэмжээгүй. Одоо харин байгаа лицензүүдийг цуцлуулах чиглэлд ажиллана. Монголын тэрбумтан болчихсон хүмүүсийн үлдээсэн нүх л бидэнд байна” гэж байлаа.
Мөн тэрбээр “Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн тухайд манай аймгийнхан хичээж байгаа. Сүүлийн гурван сар бичиг баримтын асуудал дээр суугаад үндсэндээ бэлэн болгосон. Түүнийгээ баталгаажуулаад зөвлөгөөнөө хийлээ. Одоо бид ажилдаа орно” гэсэн юм.
Ингээд байгаль орчны чиглэлээр ажиллаж буй албан хаагчдын саналыг сонсож, асуултад хариуллаа. Байгаль орчны салбарынхан уул уурхайн асуудлыг хөндөж байгаад талархаж буйгаа илэрхийлээд байгаль хамгаалагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, мод тарих бол давхар эзэнжүүлж, мал тооллоготой адил тоолдог болох зэргээр санал, хүсэлтээ хэлж байв.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Төрийн албаны салбар зөвлөлөө байгуулаагүйтэй холбоотойгоор байгаль хамгаалагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд асуудал үүссэн. Салбар зөвлөл байгуулаагүй шалтгаан нь хууль бус томилгоо их байгаатай холбоотой юм. Тиймээс Төрийн албаны зөвлөлд хүсэлт гаргаж Ажлын хэсгийг яаман дээр ажиллуулж байна. Төрийн албаны зөвлөлд хүсэлт гаргасан байгаа, салбар зөвлөлийг байгуулна. Энэ сарын 3-нд Төрийн ордонд Байгаль хамгаалагчдын үндэсний зөвлөгөөнийг хийнэ.
Тэр чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Төрийн албаны зөвлөлөөс хүмүүс оролцоно. Тэгээд яг энэ байгаль хамгаалагчдын цалин, зэрэг дэвтэй холбоотой асуудлыг ярих юм. Миний хувьд байгаль хамгаалагчдынхаа цалин мөнгө, зэрэг дэвийг сайжруулахын тулд эцсийг нь үзтэлээ явна.
Та бүхэн ч гэсэн тэр чуулганд оролцож өөрсдийнхөө асуудлыг давхар хэлэх хэрэгтэй юм билээ. Ажлаа авснаас хойш өнгөрсөн нэг сарын хугацаанд энэ асуудлыг судалсан. Тэгээд ХНХЯ, ТАЗ-ийг оролцуулж, зөвлөгөөн хийгээд, шийдэл гаргаж ажил хэрэг болтол нь явья гэж шийдсэн юм” гэж байлаа.
Түүнчлэн “Хяналт шинжилгээний чиглэлээр бид Экологийн цагдаагийн газартай хамтраад ажлын хэсэг гаргах гэж байгаа. Уул уурхайгаас тэрбумтнууд болчихсон, нөхөн сэргээлт хийгээгүй хүмүүс бий. Тэр хүмүүсийн мэдээллийг бид нарийн судалж тогтоох гэж байгаа. Улмаар цаашид ийм юм ардаа үлдээсэн компанийг хар жагсаалтад оруулах зэргээр арга хэмжээ авна” гэв.
Эх сурвалж: БОАЖЯ