Лондоны амьтан судлалын нийгэмлэг болон Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба хамтран “Экологийн цагдаагийн алба: Дэлхийн жишгээр ажиллаж нутгийн иргэдтэй түншлэх нь” төслийг 2021-2024 оны хооронд хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Экологийн цагдаагийн албаны чадавхыг бэхжүүлэх, тус албаны төв болон орон нутаг дахь үйл ажиллагааг дэмжих зорилгоор чадавхжуулах хэрэгцээ, шаардлагад тулгуурлан нийт 168,199,030 төгрөгийн үнэ бүхий техник тоног төхөөрөмжийг өнөөдөр хандивлалаа.
Тухайлбал, дээж хадгалах хөргүүрийн чингэлэг, зөөврийн компьютер, өдөр болон шөнийн дуран болон дрон, зургийн аппарат, принтер, ухаалаг утаснуудыг хүлээлгэн өгөв. Тус төсөл нь Экологийн цагдаагийн албанд дэлхийн стандарт туршлагыг нэвтрүүлж, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах жишиг загвар бий болгох зорилготой аж.
Төслийг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Байгаль орчин, хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Зэрлэг амьтны хууль бус худалдаатай тэмцэх сангаас санхүүжүүлж байгаа юм гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.