Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зам, тээрийн салбарт хилийн боомтуудыг авто замаар холбох ажлууд эрчимтэй явагдаж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр-2” төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд баригдаж буй 25.8 км авто замд ажиллалаа.
Тус замын хөрс хуулалт, далангийн дүүргэлт, ухмал хэсэг бүрэн хийгдсэн, суурь болон хучилтаас бусад ажлын гүйцэтгэл 60-70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ оны наймдугаар сарын 30-ны өдөр дуусах хуваарьтай ч гүйцэтгэгч компанийн төлөөлөл наймдугаар сарын 17-ны өдөр дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг танилцуулав.
Сайд Л.Халтар, ажлын гүйцэтгэл сайн, цаг хугацаандаа дуусгах бүрэн боломжтой гэж дүгнэлээ. Цагааннуур боомтоос ОХУ-ын хил хүртэлх 4 км газарт цэвдэгтэй хөрстэй. Ирэх зун зам барилаа гэхэд өвөл хөлдөж суулт овойлт өгч зун нь хагарч эвдэрнэ. Тиймээс гүйцэтгэгч компани баталгаат хугацаандаа дахин завсарлах ажил гаргахгүйн тулд тухайн цэвдэгтэй хэсэгт буюу Буратын даваан дээр хөргөлтийн технологийг хийх шаардлагатайг хэлээд гүйцэтгэгч компани төсөл хэрэгжүүлэх нэгжтэй ярилцан ойрын хугацаанд хувилбараа танилцуулахыг чиглэл болгов.
Олон улсын AH4 замыг Өлгий хотын төвөөр дайруулж тавьснаар хүүхэд гэмтэх зам тээврийн осол гарах болсон. Тиймээс тус замыг Баян-Өлгийн аймгийн төвийг тойруулж 18.82 км зам, 201.08у/м төмөрбетон гүүр барьж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд “Замын ажил өнгөрсөн жил эрчимтэй өрнөсөн байна. Харин Ховд гол дээгүүр гарч байгаа 200 орчим урт метр гүүр босоо багануудаа цутгасан боловч дам нуруугаа огт хийгээгүй байгаа нь санаа зовоож байна. Гүйцэтгэгч компанитай уулзана. Сайн ажиллавал ирэх 10 дугаар сарын сүүлээр дуусах боломжтой” гэлээ.
Мөн тэрбээр, Баян-Өлгий аймгийн Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд баригдаж буй 25.8 км авто зам ашиглалтад орсноор Монгол руу чиглэх импортын ачаа тээвэр нэмэгдэхээс гадна Орос Хятадын хооронд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэр хийгдэж эхэлнэ. Хөдөлгөөний энэ эрчмийг дагаад үйлчилгээний газрууд бий болж, ажлын байр нэмэгдэнэ гээд олон давуу тал бий. Тиймээс бид дэмжих ёстой хэмээн тодотгов.
БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМАГТ ДАХЬ САЛБАР БАЙГУУЛЛАГУУДАД АЖИЛЛАВ
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Баян-Өлгий, Ховд аймаг дахь Нисэх онгоцны буудал, Автотээврийн төв, Авто замын засвар арчлалын компаниудад ажиллалаа.
Баян-Өлгий аймгийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа хэвийн, аймгийн удирдлагууд Улаанбаатар-Өлгий чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, шөнө онгоц буух зориулалтын гэрэлтүүлэгтэй болгох, Өлгий-Казакстан чиглэлд нислэгтэй болох саналыг сайдад танилцууллаа.
Тус аймгийн Автотээврийн төвийн удирдлагууд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөв. Сайдын зүгээс Автотээврийн төв нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас үйл ажиллагаа зогсонги байдалд байсан ч одоо үйл ажиллагаа сэргэж байна. Монгол Улсын хэмжээнд аймгийн төвүүдээс хамгийн багтаамж сайтай нь Баян-Өлгий аймагт байдаг. Цаашид ашигллалтаа сайжруулахад анхаарч ажиллах чиглэл өгөв.
Харин Зам, тээврийн хөгжлийн яамтай олон жилийн турш гэрээтэй ажиллаж буй авто замын засвар арчлалтын “Жол” ХХК-ийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа хэлж, Өлгий хотын дундуур байгаа олон улсын авто замын засвар арчлалт, гэрэл ойлгогч хийх зэрэг ажлуулдад 15 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгөв. Хэрэв хугацаандаа биелүүлэхгүй бол гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахаа хэллээ.
Ховд аймгийн нисэх онгоцны буудалд Хүннү эйр компани Улаанбаатар-Ховд орон нутгийн нислэг, Ховд-Алмата чиглэлд 3-р сарын 16-аас олон улсын нислэг хийнэ. Хил гааль, мэргэжлийн хяналтынхантай хамтарч ажилах, ажлын төлөвлөгөө гаргаж ажиллахыг Ховд нисэх онгоцны буудлын удирдлагад өгөв.
Хатуу хучилтай авто замыг төр мөнгө гаргаад барьдаг, засварладаг. Гэвч хэдхэн хүнд даацын автомашин яваад эвддэг байж болохгүй. Тиймээс даац хэтрүүлэхгүй байхад анхаарч ажиллахыг автотээврийн төвийн удирдлага, улсын байцаагчид үүрэг болгов.
“Ховд АЗЗА” төрийн өмчит компани нь 700 гаруй км замыг хариуцан засвар арчлалтыг хийдэг байна. Хоёр хэсэгт шуурхай ажлын хэсэг ээлжээр ажилладаг. Ажлын байрны асуудал тулгамдаж байгааг сайдад танилцуулав.
Сайд, замын үзлэгийг тоог нэмэгдүүл, Автотээврийн төвийн удирдлага, АЗЗА компанийн удирдлага хамтарч даац хэтэрсэн машиныг хатуу хучилттай зам дээр явуулахгүй байхад хамтарч ажиллахыг даалгалаа.