Б.ЦАГААНЦООЖ
Нийслэл хотод маань хүйтний эрч суларч амжилгүй хаврын эхэн сар шувтрах дөхжээ. Хүлээж байсан урин цаг айлчлан, нар дулаанаар ээсэн энэ өдөр хүн бүрийн сэтгэл тэнийн баясаж байгаа биз ээ. Хавар цагийг угтан “Norphei Art Gallery”-ийн зааланд цэцэгс дэлгэрч байна.
МУЭ-ийн гишүүн, МУСТА зураач Л.Даваанямын “Хээнцэр цэцэгс” нэртэй уран зургийн үзэсгэлэн 2022 оны 2 дугаар сарын 25- 3 дугаар сарын 7-ны өдрүүдэд дэлгэгднэ. Уран бүтээлч нь жил бүр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өөрийн урласан цэцэгсээр үзэсгэлэн толилуулдаг байна.
Тэрбээр үзэсгэлэнгийн нээлтэндээ “Сайхан байна. 5 дахь удаагийн цэцгийн үзэсгэлэнд минь ирсэн та бүхэнд баярлалаа. Цэцэг гэдэг бол хамгийн ариун тансаг, бурхны нүд гэж боддог. Хэзээ ч дуусашгүй сэдэв билээ. Үзэсгэлэнд хайртай аав ээж минь ирсэн байна. Та хоёртоо маш их хайртай шүү. Хайртай хань минь чи миний амьдралын хамгийн сайхан цэцэг, амьдралыг минь гэрэлтүүлэх нар юм шүү. Энд цугласан олонд ирэх жил илүү олон сайхан цэцгээр бэлэг барихаа амлаж байна” хэмээсэн юм. Мөн тэрбээр үзэсгэлэнгийн нээлтэд очсон уран зураг сонирхогч, үзэгчдийн өмнө цоо шинэхэн уран бүтээлээ туурвиж, бүтээл төрөх үйл явцыг ойроос харах боломжийг олголоо. Шинэхэн төрсөн уран бүтээлээ “Цэцгийн сайхан” хэмээн нэрлэсэн юм.
Цэцгийн сайхан, уран зургийн тансгийг мэдрэхийг хүсвэл “Bluemon center”-ийн нэг давхар “Norphei Art Gallery”-г зорьж амралтын өдрүүдээ дурсамжтай өнгөрүүлээрэй.